О.Батбаяр: Омикрон хувилбар орж ирвэл өдөрт 10 мянган тохиолдол бүртгэгдэнэ

Коронавирусний Омикрон хувилбараас сэргийлэх үүднээс УОК-оос хэрэгжүүл буй бодлого, шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

-Олон улсад Омикроны хувилбарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Гадаадад улс орнуудад Омикрон хувилбараас үүдэн нөхцөл байдал хүндэрч байна. Тухайлбал, өдөрт АНУ-д 150 мянга, Франц улсад 100 мянга гаруй, Италид 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Дельта давалгааны оргил үеэс 2.5 дахин их байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэ нь нисэх багийн бүрэлдэхүүн халдвар авсан, халдвар авсан хүмүүстэй ойр харьцаж тусгаарлалтад орсон зэрэгтээ холбоотой. Мөн Их Британи, АНУ-ын эмнэлгийн ажилтнуудын 20-30 нь халдвар авч, 5-7 хоног тусгаарлалтад орж байгаа.

Тиймээс бидний санаа зовниж байгаа гол зүйл бол Омикрон хувилбар Монгол Улсад тархвал 2, 3 тун вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авна.

Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдвар авч тусгаарлагдвал хүний нөөцний хомсдол үүсэхээр байна. Үүнээс гадна АНУ-д л гэхэд 5 хүртэлх насны хүүхэд халдвар авсан тохиолдол 50 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр Монгол Улсад вакцин хийлгээгүй байгаа 11 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол эрс нэмэгдэхээр байгаа.

Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувь нь тусгаарлах байранд ороод 3 хоносны дараах давтан шинжилгээгээр илэрч байна. Тиймээс гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлаж байгаа.

Энэ журмаас өмнө гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаж, 3-4 дэх хоногтоо шинжилгээ өгөх ёстой байсан иргэдийн ердөө 30 нь шинжилгээндээ хамрагдсан байна. Үлдсэн 70 хувь нь ирснийхээ маргаашнаас гадуур явсан байгаа юм. Тиймээс бид зайлшгүй шалтгааны улмаас тусгаарлах арга хэмжээ авч байна. Тухайлбал, БНТУ-аас ирсэн 30 жуулчин, Тайландаас ирсэн 12 жуулчны шинжилгээний хариу эерэг гарсан.

-Омикрон хувилбар Монгол Улсад орж ирвэл өдөрт хэдэн халдвар бүртгэгдэнэ гэж тооцож байна вэ?

-Манай улсад Дельта давалгааны оргил үед өдөрт 4000 тохиолдол бүртгэгдэж байна. Тэгэхээр Омикроны халдварлах чадвар 2.5 дахин илүү байгаа тул бид хилийн хяналтаа сайжруулахгүй бол нэг сарын дараа өдөрт 10 000 тохиолдол бүртгэгдэх нь. Үүнээс 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд гэж тооцвол өдөрт 3000 хүн эмнэлэгт хэвтэх шаардлага үүснэ гэсэн үг.

-Энхийг санхиулах ажиллагаанд оролцоод ирсэн цэргийн алба хаагчдаас коронавирус илэрсэн. Вирусний хувилбарыг тодорхойлсон уу?

-124 энхийг сахиулагчийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Хариу нь ойрын үед гарах бөгөөд тэр үед нь олон нийтэд танилцуулна.

-Коронавирусний вакцины гуравдугаар тунг хийлгэсэн тохиолдолд халдвараас хэдэн хувь хамгаалагдах вэ?

-Омикрон хувилбараар вакцины 2, 3 тун хийлгэсэн хүн өвдөж байгаа. Гэхдээ гуравдугаар тунгаа хийлгэсэн бол халдвараас 70 орчим хувь хамгаалагдаж байна. Тэгэхээр 30 хувь нь өвдөнө л гэсэн үг шүү дээ. Ахмад настай хүмүүс гуравдугаар тунгаа хийлгэсэн ч эрсдэлд орох магадлал өндөр байна.

-Манай улсын худалдаж авсан вакцины хадгалах хугацаа энэ сард дуусах байсан. Гэвч энэ хугацааг гурван сараар сунгасан тухай мэдээлэл бий. Энэ нь вакцины чанарт нөлөөлөх үү?

-Файзер вакцины үйлдвэрлэгч компани тус -60 хэмээс -90 хэм буюу гүн хөлдөөгчид байгаа Файзер вакцины хадгалах хугацааг гурван сараар сунгасан гэсэн мэдэгдлийг ДЭМБ болон КОВАКС хөтөлбөрөөр дамжуулж улс орнуудад хүргүүлсэн. Учир нь гүн хөлдөөгчид хадгалсан вакцины чанар, үр нөлөөнд өөрчлөлт орохгүй байна гэдгийг судлаад, улмаар бүх вакцинаа 9 сарын хадгалах хугацаатайгаар үйлдвэрлэдэг болсон. Манайд бол 12 сард хугацаа нь дуусах вакцин одоо байхгүй.

-Коронавирусний Альфа, Дельта, Омикрон хувилбараас аль нь хамгийн их хоруу чанартай байна вэ?

-Хүндрэл, нас баралтаар Дельта хувилбар нь бусдаасаа илүү байгаа. Харин халдварлах чадварын хувьд Омикрон нь 2-3 дахин илүү.

Эх сурвалж : Montsame.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *