Сүүлийн дөрвөн жилд ₮456 тэрбумыг зарцуулсан ч агаарын бохирдол буурсангүй
Агаарын бохирдол өмнөх жилүүдээс буураагүй нь нүднээ ил харагдаж байна. Өнөөдөр өглөө гэхэд 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 дахин их байв. Түүнээс гадна гурван байршил/Баянхошуу, I хороолол, Хайлааст/-д хэвийн хэмжээнээс 10 дахин их бохирдолтой байлаа.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ танилцуулж буй. Энэ үеэрээ товчхондоо сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, түүхий нүүрс, хаягдал дугуй шатааж буйтай тэмцэх чиглэлийн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгдөг.
Энэ долоо хоногийн ээлжит хурлын үеэр “Таван Толгой Түлш” ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек :
“Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл стандартын дагуу явагдаж байгаа. Түлшний орцын 95-96 хувь нь стандартын шаардлага хангасан эрчим хүчний баяжуулсан нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч эд байдаг.
Манай компани лабораторийн нарийн шинжилгээ хийдэггүй бөгөөд АМГТГ-ын лаборатори, Хими, технологийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний хүрээнд тогтмол хяналт хийгээд явж байна.
2022 онд үйлдвэртээ түлш стандарт хангаж байгаа эсэхийг зургаан үзүүлэлтээр хянадаг, мөн шаталтаас ялгарах экологийн үзүүлэлтийг хэмжих лабораторитой болохоор төсвийг суулгасан. Одоогоор бол хэмжилтийн лабораторид ор найрлагын хэмжээг хянаж байгаа” гэв.
Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гэх тооцоолол бий. Энэ бол зөвхөн төрөөс гарах зардлын дүн. Гэтэл өрх бүр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн улмаас эмчилгээний зардлыг бараг тогтмол байдлаар зарцуулсаар байна.
Агаарын бохирдлыг бууруулах төсөв мөнгө үрэгдсээр байгаа ч АГААРЫН БОХИРДОЛ БУУРСАНГҮЙ…. Тооцоолсон төсөв хүрэлцсэнгүй юу? Эсвэл хэн нэгэн даргын халаасанд оров уу?
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?