БОАЖ-ын сайд, дэд сайд нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа
БОАЖ-ын сайд Г.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар олон нийтийн дунд үүсээд буй асуудлаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцыг хянаж, сайжруулсан түлшний дамжлагаас чийглэгийн хэмжилт хийв. 2019 онд баталсан шахмал түлшний MNS5679 стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийг сайжруулах шаардлага байгааг хэлэлцэв.
Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд, зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатай аж. Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь одоогоор хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимыг өөрчилж, үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгт хүргүүлдэг байсныг өөрчлөн 7 хоног хадгалсны дараа түгээхээр технологийн шинэ карт баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалт өөрчлөгдөх эсэхийг тогтоох юм.
БОАЖ-ын сайд энэ үеэр шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд буй асуудлыг шийдэх, баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын бохирдлыг багасгах, ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгахыг үүрэг болгов.
Мөн 2022-2023 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хэсгийг 2 дугаар сарын 15-наас эхлэн байгуулж, ирэх өвлийн бэлтгэл хангах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаанд зохион байгуулах, нам даралтын зуухны янданд тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах чиглэл өгсөн байна.
Түүнчлэн, асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдэж, аюулгүй ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхааруулжээ.
БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн үйлдвэрт баасан гарагт ажиллана.