Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлсэн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг хүлээн авна
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар Хүүхдийн төлөө сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Хүүхдийн төлөө сангийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж болон автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос бүрдэж байна.
Сангийн хөрөнгөөр дараах арга хэмжээг санхүүжүүлнэ.
• Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;
• Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;
• Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлнэ.
Дөрөв. “Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн санал хүлээн авах, сонгон шалгаруулах”
4.1.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-аас 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр ирүүлнэ.
4.2.Энэ журмын 4.1-д заасан хугацаанаас бусад үед төслийн санал хүлээн авахгүй.
4.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.
4.4.Энэ журмын 4.1-д заасан төслийн санал нь дараахь шаардлагыг хангасан байна:
4.4.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1, энэ журмын 3.1.1-д заасан зориулалтын дагуу байх;
4.4.2.санхүүжилтээр дэмжих төсөл бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг хамт ирүүлсэн байх;
4.4.3.хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;
4.4.4.төсөл хэрэгжсэний дараа үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн тооцоо, судалгаа хийсэн байх;
4.4.5.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх;
4.4.6.Үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт нийцсэн байх;
4.4.7.Сангийн сайдын баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д нийцсэн байх.
4.5.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах талаар дараахь арга хэмжээ авна:
4.5.1.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төслийн санал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулна;
4.5.2.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн төсөл, арга хэмжээний талаар холбогдох этгээдээс нэмэлт мэдээлэл авч болно;
4.5.3.шаардлагатай гэж үзвэл санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээр Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлгэж болно;
4.5.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 2.6-д заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1-д нийцүүлэн төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргана;
4.5.5.төсвийн жил дамжин хэрэгжихээс бусад төсөл, арга хэмжээтэй холбогдуулж гаргасан Ажлын хэсгийн дүгнэлт, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчинтэй байна.
4.6.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь гүйцэтгэсэн ажлын төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг гэрээнд заасан хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.”
Материалуудаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт албан бичгээр ирүүлнэ үү.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг хавсаргав.