Ая зохиогч, продюсер Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ
Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн рок поп урлагт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, бар жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ.
Тэрээр “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж продюсерээр нь ажилласан бөгөөд монголчуудын сэтгэлд хоногшсон олон сайхан дууны аяыг зохиож, 1998 онд “68”, 1999 онд “My Love Songs”, 2000 онд “Angel”, 2017 онд өөрийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Өнгө аяс”, “Удахгүй ээ” зэрэг цомгуудаа гаргасан байна. Мөн 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо толилуулсан юм.
“Дуучин чамдаа”, “Сэтгэл догдлуулсан орой”, “Нутгийн агаар”, “Чиний харцанд”, “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Чиний явсан намар”, “Итгэл өгөөч наддаа”, “Эрдэнийн сарнаас чи минь тодхон”, “Зөвхөн энэ л шөнө бүү яваач”, “Сарны сонат”, “Хайрын цонх” зэрэг олон сайхан дуунууд зохиожээ.
МУГЖ, дуучин Ж.Дашдондог 2017 онд түүний “Өнгө аяс”, “Удахгүй ээ” цомгийн нээлтийн үеэр “Ангираа “Nature Sounds”-т дуулаачийн багшаар ажиллаж байхдаа “Киви” хамтлагийг байгуулж байсан. Маш сайн продюсер. Гоё дуунууд зохиож “Киви” болон бусад дуучдад өгч байлаа. Дуунууд нь одоо ч залуусын дунд хит хэвээр байна. Их дайчин, нөхөрсөг, сайхан бүсгүй. Энэ хүнтэй олон жил нөхөрлөж байгаадаа баяртай байдаг” хэмээн ярьж байлаа.