Боомтуудыг холбох автозамын бүтээн байгуулалт эхлэв
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээврийн салбарт хилийн боомтуудыг авто замаар холбох ажил эрчимтэй эхэлж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтар АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцав. Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд 25.8 км авто замд тавьж байна.
Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал хэсгийг бүрэн хийжээ. Суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны 8 дугаар сарын 30-нд дуусах хуваарьтай хэдий ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл 8 дугаар сарын 17-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцуулав.
Цагааннуур боомтоос ОХУ-ын хил хүртэлх 4 км газарт цэвдэгтэй хөрс байна. Ирэх зун зам тавилаа гэхэд өвөл хөлдөж суулт овойлт өгч зун нь хагарч эвдэрдэг. Тиймээс гүйцэтгэгч компани баталгаат хугацаандаа дахин завсарлах ажил гаргахгүйн тулд тухайн цэвдэгтэй хэсэгт Буратын даваан дээр хөргөлтийн технологийг хийх шаардлагатай байгааг хэлж байв. Замын гүйцэтгэгч компани төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ярилцан ойрын хугацаанд ямар байдлаар хийхийг яаманд танилцуулахыг чиглэл болгов.
Олон улсын AH4 замыг Өлгий хотын төвөөр дайруулж тавьснаар замын огтолцолд зам тээврийн осол гарах болсон. Тиймээс тус замыг Баян-Өлгийн аймгийн төвийг тойруулж 18.82 км зам, 201.08 метр урт төмөр бетон гүүр барьж байгаа аж.
Сайд Л.Халтар замын ажил өнгөрсөн жил эрчимтэй өрнөснийг тэмдэглэв. Харин Ховд гол дээгүүр тавьж байгаа 200 орчим метр гүүрний хувьд босоо багануудаа цутгасан боловч дам нуруугаа хийгээгүй байгааг хэлэв. Энэ талаар гүйцэтгэгч компанийнхантай уулзана гэв. Тэрээр, Баян-Өлгий аймгийн энэхүү зам ашиглалтад орсноор Монгол Улс руу тээвэрлэх импортын ачаа тээвэр нэмэгдэнэ. Гэхдээ үүнээс илүү ОХУ, БНХАУ-ын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэр хийх олон улсын автотээврийн боломж бий болно. Замын хөдөлгөөн эрчимжиж нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний газрууд бий болно. Түүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий гэдгийг тодотгов.