Н.Ганбуш: Топ Э.Одгэрэл шиг хаусанд амьдартлаа  “жаргачихсангүй”, Г.Загдаагийнд очтолоо доошоо орчихсонгүй

Содон, сонирхолтой  зочны эрэл  хайгуул хийх явцдаа  Ганбуш буюу Н.Ган-Од руу  утас цохилоо. 1975 оноос өнөөг хүртэл 50 гаруй жил хэвлэлийн хуудаснаас “арчигдаагүй”, бас л мөлжүүртэй дүр.  Эхний удаа “завгүй байна”  гэх товчхон  хариултаар тас намжирдаж   урилгыг маань бүрэн сонсолгүй утсаа “шидчихэв”. Гэсэн ч уйгагүй  хөөцөлдсөөр  зөвшөөрүүлж чадлаа.

Бид БЗД-ийн 15-р хороонд байрлах “Парис”  шөнийн клубт уулзахаар цаг товлосон юм. Хүмүүсийн нүдэнд  байнга л ганган дэгжин, гуалиг дүрээр  хоногшсон Ганбушын гадаад төрх  нэлээн өөрчлөгджээ.   2018 онд харваж багагүй хугацаанд хэвтрийн дэглэм сахиж,  цар тахлын хоёр жилд гэртээ бүгэж, бүжиглэхээ ч больсон нь  жин нэмэхэд нөлөөлж 115 кг болчихож.   

“Парис”  шөнийн клубт бичсэн видео бичлэгт үл ойлголцол гарч  энэ удаа цацах боломжгүй болов. Видео бичлэгийг хэсэг хугацааны дараа   нийтлэхээ сонордуулъя. 

Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач? 

-Сайн байна уу. Танай ivoice.mn  сайтын уншигчдад  энэ өдрийн мэнд хүргэе. “Улаанбаатар Эрдэм”  дээд сургуулийн  Эрх зүй, хуулийн эчнээ ангид суралцаж байна.  Намар  төгсөнө.

Хүний эрхийн хуульч,  Сэтгэл судлаач М.Булган багшдаа үргэлж баярлаж явдаг. Зовлон жаргалтай бүх үеүүдэд минь багш минь л хажууд байсан даа. 

 

Сурахынхаа хажуугаар нэг байгууллагын Олон нийттэй харилцах албаны даргын зөвлөхөөр ажиллаж  байгаа. Ямар байгууллага гэдгийг нь нууцалж болно биз дээ.  

Хүний амьдралын алхам тутамд эрх зүйн боловсрол,  хуулийн  мэдлэг шаардлагатай. Мэдэхгүйгээсээ болж хохирч байна. Тийм ч учраас   хууль эрх зүйн   чиглэлээр суралцахаар шийдсэн.  Хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй  гэдгийг тэтгэвэрт гарсан хойноо  ухаарсан даа. Тэгээд ч тэтгэвэрт гараад гэртээ суухаар анги хамт олонтой болж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг хүсдэг юм байна лээ. Нэг талаасаа ажил гэр хоёрын дунд амьдрах уйтгартай шүү дээ. 

Нөгөө талаас бэлгийн цөөнхи дотор олон хуульчид байдаг ч гэсэн над шиг ил тод  гарч ирэх нь юу л бол. Энэ утгаараа бэлгийн цөөнхи хүний эрхийн дуу хоолой нь болохын тулд  хуулиар сурах шаардлага гарсан.  Бас Н.Ган-Од нэрээрээ их сургууль төгсчихөе гэж бодсон юм. 

 

-Уг нь шөнийн клубээс өөр газарт урьж ярилцая гэж бодож байлаа. Харин та уулзах газраа өөрөө сонгочихсон  болохоор  гүйгээд ирлээ? 

-Мэдээж оффис, кофе шоп, ресторанд  уулзаж болно. Зориуд  “Парис” гээд шөнийн клубт  уулзсан  юм.  Миний сэтгэлийг эмзэглүүлдэг нэг асуудлыг яръя гэж бодсон.  Монголд 1989 оноос   тайчих урлагийг  анхлан  оруулж ирсэн хүн нь би.  Гэтэл 30 гаруй жилийн дараа ч  бүжигчдийн хөдөлмөр эрхлэх эрхийн асуудал хүнд хэвээрээ л байна. Шөнийн цэнгээний газрууд бүжигчдээ цалинжуулдаггүй. Бүжигчид өөрсдөө үйлчлэгч нараасаа  tip  авдаг. 

Шөнийн цэнгээний газрууд орой 19:00  цагаас өглөөний 05:00 хүртэл уртасгасан цагаар ажилладаг. Тэгсэн мөртлөө илүү цагийн хөлс  байхгүй. Ингэж шөнөжин ажилласанаас үүдэж бүжигчид эрт хөгширдөг, царай зүс нь гунддаг. Харин “Монос”-ын  Л.Эрдэнэчимэг тамхины хууль гаргасны  буянд бүжигчдийн арьсанд  нүхжилт үүсэхгүй байгаа байх шүү. 

Жишээ нь Шадар сайд С.Амарсайханы  өмч болох Peace bridge зочид буудлын G шөнийн клуб, “Сэрүүлэг” сонины эзэн байсан С.Баярмөнхийн Biznes tower- ийн 21, 22 давхрын тайчих клубүүд нь тайчигч бүжигчдийн нийгмийн даатгалыг төлөх нь битгий хэл цалинжуулдаггүй уртасгасан цагаар ажиллуулж илүү цагийнх мөнгийг өгдөггүй. 

Нийслэлийн Соёл Урлагийн газар н.Нямсамбуу даргын үеээс урлаг гэж үзээд зөвшөөрөл өгч эхэлсэн гэж ойлгосон. Одоо бол дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүд нэг цэгийн үйлчилгээнээс зөвшөөрөл өгдөг болсон нь Урлаг мөн гэж  үзэж байгаа хэрэг биз дээ. 

Тийм бол  тайчих клубүүд тайчигч бүжигчдийнхээ нийгмийн даатгалыг албан ёсоор төлж яагаад болохгүй гэж.Тайчигч бүжигчидээ өмчилж чадаж байгаа бол тэдний нийгмийн асуудлыг нь шийдчих л дээ. 

Би хэдийгээр монголд анх тайчих урлагийг оруулж ирсэн ч  энэ асуудалд оролцоогүй удсан. Харин бүжигчдийн нийгмийн асуудал 1989 оны үеэс огт өөрчлөгдөөгүй. Бүх зүйл  хувьсан өөрчлөгдөж байхад тайчих урлагт дэвшил гарсангүй.  Энэ асуудалд  Соёлын  сайд Ч.Номинг  анхаараасай гэж хүсч байна.

 

 

ХҮЙСИЙН ШИЛЖИЛТЭД ОРСНООС  ХОЙШ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ 

-Та  өөр өөр  нийгмийг сөрж,  өөрийнхөөрөө,  зоргоороо амьдарч ирсэн хүн. Одоо  таныг эрхбиш намба суусан байх гэж  бодож байж болох юм? 

-Өнгөрсөн амьдралгүйгээр өнөөдрийг бүтээх боломжгүй. Н.Ганбушийн өнгөрсөн  амьдралын сургамж дээр өнөөдрийн амьдрал боссон. 

Гэхдээ нас явахын хэрээр  даруухан байхыг хүсдэг юм байна. Галзуу үеүд байсан л даа. Эргээд бодоход инээд хүрдэг. Бусад шиг хайрцагт баригдалгүй зоргоороо амьдарсан. Би доллар биш, хүн болгонд таалагдах албагүй. Мэдээж  тэнэг явсан үе  бий.  Юм юмыг зэрэгцүүлж амжуулж чаддаг нь миний давуу тал. Тийм ч болохоор сурч боловсрохоо орхилгүй, 70 хүрэх гэж байж гурав дахь сургуулиа төгсөх гэж байна. 

-Та хүйсийн  шилжилтэд орсон анхны монгол хүн. Эрсдэлтэй шийдвэр, гаргаж, хагалгаагаа давсны  дараа аав, ээжээс  хайрласан нэрээ сольж Н.Ган-Од болгосон.  Н.Ган-Од нэрээр амьдарсан амьдрал хэр өөрчлөлт авчирсан бэ? 

-2012 онд Тайландад мэс засал хийлгэж ирээд  эцэг эхээс заяасан Ганболд гэдэг нэрээ сольсон.  Хүйсийн шилжилтийг паспорт дээр өөрчлөх амаргүй байсан л даа. Иргэний бүртгэл мэдээллийн улсын  төв, эмч нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс  гарч зохих шугамын дагуу шалгаж үзээд  иргэний үнэмлэх дээр  ЭМЭГТЭЙ гэж бичих зөвшөөрөл олгосон.

 

 

Над шиг intersex /төрөлхийн/ бэлгийн бэрхшээлтэй иргэн нэг саяд нэг л төрдөг. Хүмүүсийн мэддэг бэлгийн цөөнхүүд нүүрээ янзлуулаад, хөх хийлгэсэн ч эр бэлэг эрхтэн нь байгалиараа. 

Хэзээ нэг өдөр дараагийн хүйсийн шилжилтэд орсон хүн гарч ирэх л байх. Гэхдээ хүйсийн шилжилт бол амар  зүйл биш. Мэс заслын ширээн дээр  эрүүл бие, амь насаараа   дэнчин тавина.  Заримдаа  тийм хүнд мэс засалд  орсон нь буруу  байсан юм шиг санагддаг. 

 

Яагаад гэхээр хагалгаанд ороод  2012  оноос хойш өнөөг хүртэл   бэлгийн харилцаанд ороогүй. Нэг ёсондоо  аз жаргалгүй хүн болж хувирсан. Мэс заслын дараах эмчилгээ, сувилал дуусч, эдгэсэн ч  онгон хэвээрээ байгаа.  Тэгээд ч 70 насандаа бэлгийн харьцаанд орж байна гээд тэнгэрт дэвшчихвэл яах уу? 

Хүйсийн шилжилтийн хагалгаанаас гадна Солонгост хамар, нүд, нүүрэндээ нэгэн зэрэг 5 хагалгаа хийлгэсэн.  Монгол Солонгосны хооронд таван удаа ирж очих зардалгүй учраас нэг дор нь оръё  гэсэн чинь эмч нар санаа зовоод. Эцэст нь “гомдолгүй”  гэсэн гарын үсэг зураад орж байлаа. 

Над шиг өндөр настай хүн /57 настай байсан/ таван хагалгаа нэг өдөрт хийлгэсэн тохиолдол Солонгосын түүхэнд байгаагүй.  Нүүрээ татуулаад  гоё болсон чинь шүд  муухай харагдаад,  бүх шүдээ янзлуулсан. Шүдний эмчилгээ л хамгийн хэцүү байсан. Би өөртөө төгс хүн байхыг хүссэн, тухайн үед надад ивээн тэтгэгч гарч ирсэн болохоор  зориглосон. 

Эцэг эхээс заяасан нэрийг өөрчлөх нь тухайн хүний хувь заяанд нөлөөлдөг байх гэж боддог. Миний дүү нар бүгдээрээ ГАН  орсон нэртэй. Гэтэл би Ганболд гэдэг нэрээ Алтанцацрал болгох нь утгагүй  биз дээ. Удмаасаа тасарчихсан юм шиг санагдана. Намайг хүмүүс Ган-Од гэж өөрийгөө Од гэж тодотгосон гэдэг. Ганболд нэрнийхээ Б,Л үсгийг хассан төдий. Түүнээс санаатай Ган-Од болчихсон юм биш. Гэхдээ  олон түмэн намайг Ганбуш гэдэг нэрээр л  мэддэг. Арван жилд байхад авсан нэр л дээ.

Эхэндээ Ганбуш нэрэндээ их дургүй байлаа.  Хэтэрхий сенсацитай нэр болохоор төвөгтэй санагдах үе байна. Сонгуульд нэр дэвшихдээ Ганбуш нэрээрээ өрсөлдсөн бол хүмүүс илүү таньж санал өгөх байсан ч юм билүү.   Ер нь би Ганбуш нэртэйгээ л дуусах байх. 

 

-Цаашдаа эх орондоо суурин амьдрах уу? 

-Нэг хэвийн хэвшмэл амьдралаас уйдаж байна.  Цайгаа хувааж уух нэг сүүтийсэн юмтай болох гээд. Тэрийгээ гээд л нисчих санаатай.  Цаг  үе,  дайн, олон улсын асуудлуудыг харзнаж байж шийднэ дээ. Монгол хүн надтай гэрлэхгүй нь тодорхой.  Гэхдээ  иргэншлээ сольж, эх орноосоо татгалзах хүсэл байхгүй.  Явсан ч  эргээд ирнэ. Монгол, гадаадын хооронд нисч амьдрах санаатай. 

-Байртай болохоор хөөцөлдөж байна гэж байсан, нэлээн дээр. Тэр  ажлаа бүтээж чадсан уу? 

-Намайг хүн гэдгээр нь хүндэтгэж, хайрладаг хүмүүст талархаж явдаг. Энэ хүнийг гудманд амьдруулж байхаар би өмнөөс нь түрээсийн мөнгийг төлье гэсэн хүмүүс ч таарч  байлаа.  Байрны тухайд бол улс төр байсан.  НОСК ч тэр ТОСК ч тэр  20 байрны мэдэл  Хотын  даргын халаасанд байдгийг ард түмэн тэр бүр мэдэхгүй л болов уу. Хотын дарга Э.Бат-Үүл НОСК-той холбоотой асуудлаар эрх чөлөөгөө хасуулсан нь   цаанаа учиртай л байх.  Миний хувьд монголд байртай болох боломжгүй юм билээ. Монголоос гарч амьдрах бодолтой сэтгэл гэгэлзээд байгаа. 

 

БИ ЭДИЙН ШУНАЛТАЙ ХҮН БИШ 

-Та хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байсан бэ? 

-Сургууль төгсөх үедээ өөрөөрөө хамгийн их бахархаж байсан. Нэр хүндтэй байх нөхцлөө бүрдүүлж чадсан болохоор бахархал төрдөг юм байна лээ. Хүн мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад хэн ч юм хэлдэггүй. Багшаар ажилладаг  байхад хүүхдүүд надад хайртай байсан. 

Надаар бүжгийн хичээл, гар урлалын хичээл заалгаж байсан сурагчдаас  “Миний багш Ган-Од байсан”  гэхээр хүмүүс итгэдэггүй гэсэн. Харин шавь  нар маань одоо “Таныг багшаа гэж хэлэхдээ ичиж санаа зовдоггүй. Та үнэхээр сайн багш шүү” гэхийг сонсох хүндэтгэл.  Төрийн одон медаль гавъяа надад хэрэггүй ээ. Миний шавь байсан хүмүүсийн надад зориулж хэлсэн үгэнд нь баярлаж явдаг. 

 

Дуу бүжгийн “ТЭЛМЭН” хамтлаг Удирдсан багш Н.Ганболд 

-Нэг хэсэг таныг  зочид буудалд амьдардаг, тансаг хэрэглээтэй  гээд ярьж бичдэг байсан. Мөнгө  сайн олж байсан үе бий биз дээ? 

-Миний хувьд мөнгө хэрэглээ, хэрэгцээ. Гэхдээ би тийм баян, эдийн шуналтай хүн биш. Надтай хамтарч ажилладаг хүмүүс “Таныг шуналтай гэж боддог байсан чинь огт өөр хүн байжээ” гэдэг. Топ модель Э.Одгэрэл шиг  хаусанд амьдартлаа “жаргачихсангүй” , Г.Загдаагийнд очтолоо доошоогоо орчихсонгүй.  Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй амьдарч явна. 

Ганц хүүхэд төрүүлчихээд хэн бэ гэдгээ мартсан эмэгтэйчүүд зөндөө бий. Би тэд нар шиг амьдрахыг хүсээгүй. Өөрөө өөрөөрөө амьдарч яваа. Учиргүй тодроод байх хүсэл алга. Бүлт бүлт үсрээд олон нийтийн сүлжээнд худлаа ярих хэрэг байхгүй. Үнэн бай. Тэгээд болоо. 

НАСААРАА БҮЖИГЛЭЭД ЗАЛХАЖ БАЙНА 

-Та  гар урлалын багш, бүжгийн багшаар олон жил ажилласан хэрнээ тэтгэврээ яагаад  хамгийн багаар тогтоолгосон юм бэ? 

-2012 онд хүйсийн шилжилтийн хагалгаанд ороод Монголдоо  ирсэн хойно бичиг баримтаа яаралтай өөрчлөх нь чухал байсан. Тэтгэвэр  тогтоолгох талаар  бодоогүй.  Хүйсээ солиулаад эмэгтэй болсон чинь “Эмэгтэй хүн 55 настайдаа тэтгэвэрт гарна. Таны нас болчихсон байна” гээд гэнэт л тэтгэвэр яригдсан. Тухайн үед хамгийн багаар тогтоолгож байгаа юм. Тэтгэвэрт гарна гэдгээ мэдсэн бол алдсан хэдэн жилээ нөхүүлээд нэмүүлэх боломж байсан юм билээ.  Би өөртөө арчаагүй хүн  юмуу даа.  Мэс заслын тухайд  зоригтой байсан ч  тэтгэвэр дээр хайнга хандсан.  Гэхдээ тэтгэвэр маань амьдралд их хэрэг болж байна. Сая нэмэгдээд 500 мянга болоход нь  өөрийгөө баясгаж  хувцас худалдаж авлаа.  Ер нь өөртөө хувцас бараг худалдаж авч байгаагүй. Хүмүүс л бэлэглэдэг.  Этгээд хувцаслалтад  дуртай, энгийн юм зохихгүй. Чам шиг энгийн хувцаславал Г.Загдаагийнд очсон юм шиг харагдана биз./инээв/ 

 

-Таныг одоо юу баясгаж байна вэ,  шоу ертөнц, бүжиг сонирхлыг тань  татаж байх юмуу? 

-Хүний амьдралд стрессдэх зүйл бишгүй.  Хүүхэлдэйгээ хийгээд суухаар сайхан тайван болчихдог. Монголд хамгийн их борлогддог хатан, хаан хоёрын хүүхэлдэйг хийгээд өөрөө зураад, наагаад суух дуртай. 

Насаараа бүжиглээд залхаж байна. Одоо надад нам гүм орчинд, утсаа маажаад, хүүхэлдэйгээ хийгээд хэвтэх нь жаргалтай байна.  

Ойрд жин нэмээд байгаа. Эмч “Урьд нь байнга хөдөлгөөнтэй байсан хүн хөдөлгөөн багасаад зүрх өөхөлсөн байна” гэсэн. Жингээ хасахын  тулд сүүлийн үед гадуур явахдаа ихэвчлэн алхаж байна.  Өсгийтэй гутал дээр алхахаар турдаг л гэдэг юм. Гэхдээ  намхан гутал эвтэйхэн санагдах болж дээ. 

 

 

-Хүүхэлдэй гэснээс та Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж   байсан юм билээ. Энэ тухай би өмнө нь сонсч байгаагүй. Бүжиглэх авъяастайн  дээр уран байжээ ? 

-Хүүхдийн урлан бүтээх төвд Монгол Улсын Гавьат багш, алдарт зохион бүтээгч Бавуугийн Цэрэндорж багшийн  удирдлагад ажиллаж байсны хувьд хүндэтгэж явдаг. Тийм ажилсаг, хөдөлмөрч  хамт ажиллагсадынхаа төлөө, хүүхүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн ховор шүү. Бавуугийн Цэрэндорж багшаас хойш тийм  чадварлаг удирдлага лав төрсөнгүй.  Тэтгэвэрт гартлаа уран хатгамал, оёдол эсгүүр, анхан шатны хүүхэлдэй хийхийг бүгдийг нь ганцаараа заасан даа.

Би чинь МУБИС-ын зураг, хөдөлмөрийн ангийг төгссөн. Тэгээд 67-р сургуулийн охидод хөдөлмөрийн хичээл заадаг байлаа. Дараагаар нь 93-р сургуулийг Спорт уран бүтээлийн төв байхад нь бүжгийн багшаар ажилласан.

67-р сургуульд багшилж байхдаа 21 аймгийн үндэстэн ястны хүүхэлдэй хийж тэмцээнд оролцож түрүүлсэн. Тэгээд Хүүхдийн урлан бүтээх төвд   багшаар ажиллах урилга авсан юм. 

 

Бүжгийн “ЖИГҮҮР” хамтлаг, Урлагийн их наадмаас  Ламбада бүжгээр тэргүүн байр хүртсэн агшин 

Уг нь Хүүхдийн урлан бүтээх төв Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байсан юм. Сүүлд Хотын захиргааны мэдэлд оччихсон.  Оёдол эсгүүрийн нэг мастер багш заадаг хичээлийг 4 хуваачихсан байх жишээтэй.

Оёдол эсгүүрийн багш анхан шатны хүүхэлдэйн багш, гүнзгийрүүлсэн   шатны хүүхэлдэйн  багш, монгол дээлний багш, хатгамалын багш  гээд 4 салгасан байна.  Ямар учиртайг нь мэдэхгүй ч намайг багшилж байхад нэг л хүн тэр ажлуудыг нугалдаг байсан. 

 

ЭЦЭГ ЭХДЭЭ “ГОЛОГДСОН” НАМАЙГ ЭМЭЭ МИНЬ ӨСГӨСӨН 

-Таны туулж яваа  адармаатай гэмээр амьдралыг хүндэтгэж  үзэх нь олон. Гэхдээ араасаа бэлгийн цөөнхүүдийг уруу татаж мэс  засалд оруулсан  гэдэг яриа чих дэлсдэг. Бас “Хүүхэд  залууст буруу үйлдэл харуулж байна, нийгэмд буруу хандлага түгээж байна” гэж шүүмжлэх нь бий? 

-Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг би  төрөлхийн хос эрхтэнтэй intersex бэлгийн бэрхшээлтэй нэгэн. Эрэгтэй  нь эхнэр авч,  эмэгтэй нь нөхөртэй болж амьдрах нь хорвоогийн жам. Энэ ойлголтоос гадна  гуравдагч хүйс гэж бий.  Энэ бол хүний бэлгийн чиг хандлага. Үүнийг  өөрчлөх ямар ч боломжгүй.

Түүнээс жирийн нэг залуу эрэгтэй хүн сонирхоод явахгүй. Уруу татагдаж бэлгийн цөөнхи  болно гэсэн ойлголт байхгүй.

 

СОКО БОЛ НҮҮРЭЭ БУДАЖ ХӨХӨӨ ЯНЗЛУУЛСНААС ХЭТРЭЭГҮЙ, ХУДЛАА ГЭВЭЛ ШҮҮХ ЭМНЭЛЭГТ ШАЛГУУЛЖ БОЛНО 

Төрөлхийн тийм хүмүүсийг чөтгөр, шулам гэж монгол гэрт хийж шатаадаг  байсан тухай уншиж байсан. 1970 оны үед эрэгтэй хүн   даашинз  өмсөөд явбал тархиа хагалуулна шүү дээ. Энэ бүх эсэргүүцэл, эвэртэй туулай үзсэн мэт олны  харцан дунд  амьдарлаа. Одоо бол  нийгэм, цаг үе, хүмүүсийн ойлголт хандлага   тодорхой хэмжээгээр  өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхөд миний  оруулсан хувь нэмэр байгаа байх. 

Бэлгийн цөөнхи дотор мэдээж хүн л болсон хойно элдэв хагаралдаан сөргөлдөөн байх нь тодорхой. Гэхдээ олгой хагаравч тогоондоо  гэгчээр  дотроо сөргөлд л дөө. 

Учиргүй хэвлэл мэдээллээр бие биенээ чичлэх нь угаасаа хүлээж авахгүй байгаа нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхөөс хэтрэхгүй.  Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэггүй л байхгүй юу.  Бэлгийн цөөнхийн зарим нэг юмнууд ганц  лангуу ажиллуулчихаад тэнгэрийн амьтан болчихсон аятай бүлт үсрээд  байхаар инээд хүрдэг.  Би яаж ч ядарсан  гоо сайхны  гэх тодотголтой  шивэрний тос, өмд зарахдаа тулахгүй.

Одоо цагт анагаах ухаан хөгжчихсөн эрин зуун. Ер нь бол би ивээн тэтгэгчийнхээ буянд  доллароо босгуулж бүтэн мэс засалд орсон.  Өнөөдрийг хүртэл буюу 2022 оны  гуравдугаар сарын 2-ны өдөр  хүртэл хүйсийн шилжилтэнд орсон  хүн надаас өөр алга. 

Хэвлэл мэдэээллээр өөрсдийгөө тэгсэн ингэсэн гээд бүлт  үсрэхийг алийг тэр гэхэв дээ.  Яг шударга хэлэхэд Соко бол нүүрээ янзлуулж, хөх хийлгүүлснээс хэтрээгүй.  Худлаа гэвэл шүүх эмнэлэгээр бид  хоёрын хүйсийг  албан ёсоор тогтоолгож болно шүү. 

 


 

-Та өөрийгөө төрөөгүй бол илүү амар  байж гэдэг ч юмуу,  ийм төрсөндөө харамсч гутрах үе байсан уу? 

-Энэ тухай  өмнө нь ярьж байгаагүй.  Намайг төрөх үед аав, ээж хоёр маань  шоконд орж өсгөхөөс татгалзсан гэдэг.  Би хос эрхтэнтэй, төрөлхийн рахиттай, том толгойтой,  дугуй хөлтэй байсан болохоор аав ээж маань  эхэндээ “хачин хүүхдийг хаячих” гэсэн байгаа юм. 

Харин эмээ маань өөр дээрээ өргөж авсан юм билээ. Эмээ юм үздэг,   Буриадын удган сайхан эмэгтэй байсан.  Эцэг, эхдээ “гологдсон” намайг Туул голын урсгалыг сөрж алхуулж, халуун элсэнд хөлийг минь хучиж, ардын эмчилгээгээр асарч тордсоор  рахиттаас салгаж тэгшхэн сайхан хөлтэй болгосон.

Нэг  удаа  эмээ “Чи 50 гараад мэс засалд ороод сайхан хүүхэн болно. 40 орчим насанд чиний амьдралд сайн хүн таарна. Монгол хүн чамд тохирохгүй” гэж  хэлж байсныг санадаг.  Намайг хоёр настай байхад аав ээж хоёр буцаад  нийлж олон дүүтэй болсон хүн. 

Ер нь эмээ минь миний төлөө гэдэг  ганц хүн байсан даа.  Намайг Төв цэнгэлдэхийн Д.Цолмон багшийн удирдлага дор  уран нугаралт, уран гулгалтын дугуйланд бүртгүүлж байлаа. Гэхдээ  нэг л явцгүй, энэ төрөлдөө амжилт олоогүй. Эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг хүйс нь тодорхойгүй  хүүхэд бэрх шүү дээ.  Нэг  эрэгтэй,  нэг сар эмэгтэй болж дугуйландаа яваарай гэдэг байсан. 

Охидод эрэгтэй гээд, хөвгүүдэд эмэгтэй гээд. Аль алинтай нь сээтэгнэнэ. Гэтэл нууц гэж байдаггүйтэй адил шивэр авир яриа гараад эхэлсэн. 

Дөрөвдүгээр ангиасаа аавтайгаа амьдарч эхлээд хотын төвд дөчин мянгатад гурван өрөө байранд эзэнгүй нэг хүүхэд байдаг байлаа. Аав дэд эрдэмтний цол хамгаалах ажилтай, намайг анхаарах сөхөөгүй. Тиймдээ ч миний амьдрал чөлөөтэй байсан. Гэрийн хажууд 24-р сургууль байгуулагдаад би Нэгдүгээр сургуулиас тийшээ шилжсэн. Наймдугаар  ангиа төгсөх үед багш нар есдүгээр ангид хуваарилахгүй гээд л. Тэр үеийн нийгмийг төсөөлж байгаа биз  дээ. Арван жилийнхэн намайг том уруултай болохоор  нугас гэж хочилно. Тэр үед бас Ганбуш гэдэг нэртэй болсон, хэн өгсөн юм бүү мэд. 

Хос эрхтэнтэй төрсөндөө  хүүхэд байхдаа,  өсвөр насандаа нэг их харамсч байгаагүй.  Эсрэгээрээ аль алинтай нь харилцаад  сайхан санагддаг байлаа. Харин  гэр бүл зохиох  насанд ирээд  өөртөө гутаж эхэлсэн. Үе тэнгийнхэн эхнэр, нөхөртэй болж, хурим хийж, үр хүүхэдтэй болоход  анх удаа  сэтгэлээр хямарч байсан шиг санагдаж байна. 

Одоо бол хөгшрөх тусам “Хэрвээ би хүйс  тодорхой байсан бол өдий насандаа гэр бүлтэй,  үр хүүхэдтэй байх байсан даа” гэх бодол  төрдөг.  Манай дүү нар ач, гучаа хараад явж байхад би гэр бүл зохиож үр хүүхэдтэй болоогүйдээ дотроо  битүүхэн шанална. 

Дүү нар баяр ёслолоор гэр бүлээрээ цуглараад намайг дуудахад юм юм бодогдоно. Дүү нарынхаа тухай нууцалдаг. Ойлгож байгаа биз дээ. Тэдэнд асуудал үүсгэхийг хүсдэггүй. Одоо би тэднийхээ ач тусыг хүртэж амьдардаг.  Олуулаа болохоор долоо хоногоор хөргөгч дүүргэж өгнө. Миний төлөө төрсөн юм шиг байдаг даа.  Би  яахав оюутан байхад нь  тэдэндээ  ганц нэг  тусалж байсан байх аа. Бусад үед  нь тусалж, дэмжсэн гэж худлаа ярихгүй ээ. 

 

-Та ганцаарддаг уу?  

-Өнгөрсөн аравдугаар сард  ковид тусч, сэхээнд ороод “явчих” дөхлөө. Цар тахал нэг талаараа хүмүүст  их зүйл ухааруулж байна. Намайг сэхээний тасагт байхад гурван ч хүн  өвчнөө даалгүй явчихсан. Бас л эвгүй мэдрэмж. Ер нь тэгээд үр хүүхэдтэй байсан бол бас нэг амьтныг үлдээгээд явахаар санаа сэтгэл зовоод хэцүү байх болов уу. 

Залуу байхдаа зугаа цэнгэлд автаж хүүхэдтэй болох талаар бодоогүй.  Гадагшаа явах ажил ихтэй,  шоуны амьдралтай хүн чинь хүүхэд өсгөх боломж, цаг хугацаа байгаагүй. Улс орондоо хувь нэмрээ оруулж арван жилд багшилж явахдаа ч хүүхэд яаж өсгөх билээ. Эхнэр нөхөр хоёулаа хүүхдээ өсгөх, ганцаараа өсгөх өөр гээд асуудал зөндөө.

Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо. Чамтай таарах хүн бүр амьдралд чиний мэдэхгүй тулаанд тэмцэж яваа. Тиймээс хүн бүрийг хүндэл. 

 

 

-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. 

С.ОТГОНСҮРЭН

Жич: Энэхүү ярилцлага нь зохиогчийн албан ёсны онцгой эрхтэй тул хуулж, засварлан түгээхийг хориглоно! 

Similar Posts

3 Comments

  1. uuriihuuruu amidarch chadsan emegtei dee uldsen amidralaa zz jargal duuren unguruuleerei

  2. 1 Oct 2015 INEXPERIENCED DOCTORS, OVERCONFIDENT DOCTORS, AND YOU 25 Sep 2015 THE ACHILLES HEEL OF ANESTHESIOLOGY WHAT IS THE GREATEST THREAT TO OUR SPECIALTY priligy 30mg Recurrent VTE A, major bleeding episodes B, and mortality C during the anticoagulant treatment period are shown for the CLOT 24 6 months of dalteparin or VKA, LITE 25 3 months of tinzaparin or warfarin, and CANTHANOX 27 3 months of enoxaparin or warfarin trials

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *