Э.Энхзаяа: Ахмад уран бүтээлчид контемпорари урлагт хүч сорьж эхэлсэн
Орчин үеийн урлагийн талаар “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн арт директор Эрдэнэбилэгийн Энхзаяатай ярилцлаа.
-“Зүүн арт” хөтөлбөрт Монголоос гадна Америк, Герман, Япон, Хятад гэсэн таван орны уран бүтээлчид оролцсон-
-Энэ жил танай төвийн 20 жил болж байгаа. Энэ хүрээнд саяхан орон нутагт уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Эндээс яриагаа эхэлье?
-Манай төв байгуулагдаад 20 жил болж байна. Төвийн зорилго бол Монголд орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн чиглэлээр уран бүтээл хийж байгаа мэргэжлийн уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадад орчин үеийн урлагаа сурталчлах, таниулах, гаднын орчин үеийн урлагийн төлөөлөгчдийг Монголдоо сурталчлах, таниулах ийм байгууллага байгаа. Ойн хүрээнд хэд хэдэн ажил төлөвлөөд байсны нэг нь саяхан болж өнгөрсөн “Зүүн арт” хөтөлбөр байлаа. Хөтөлбөрт Монголоос гадна Америк, Герман, Япон, Хятад гэсэн таван орны уран бүтээлчид оролцсон.
Уран бүтээлчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж уран бүтээлээ хийсэн. Тэнд байрлах Улаанбаатар төмөр замын ачааны вагон засварын депо, Мод боловсруулах үйлдвэр, Спирт бал бурам гэсэн гурван том үйлдвэр дээр байрлаж бүтээлээ хийлээ. Энэ үеэр орон нутгийнхан маань маш сайхан хүлээж авсан. Тэдэндээ маш их талархаж байна. Сүүлийн өдөр тайлан үзэсгэлэнгээ орон нутгийн хүмүүст тайлагнаад, гал тахичхаад наашаа ирсэн.
-Яагаад Сэлэнгэ аймагт үзэсгэлэнгээ хийх болсон бэ?
-Бид нар “Зүүн арт” гэж нэрлээд Сэлэнгэ аймагт хийсэн шалтгаан нь хотод л урлаг уран сайхан төвлөрчихсөн байдаг юм бэ. Ингэж тэлэхийг бид нар өөрсдөө хийхгүй бол өөр хэн хийхэв дээ. Орон нутаг сурталчилъя, тэнд мэргэжлийн урлаг ямар байдгийг харуулъя, урлаг гэхээр, зарим нь гомдох байх л даа, салоны зураг, зохиолын дууг хүмүүс урлаг гээд төсөөлөөд байгаа шүү дээ. Гэтэл үүнээс ч цааш явчихсан байдаг юм гэдгийг жоохон ч гэсэн төсөөлөл өгөх, мэдээж нэг удаа очоод аягүй лаг ойлголттой болгочихно гэж байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний төсөөлөл өгч чадсан байх аа гэж найдаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд орчин үеийн урлагт хүч үзэж байгаа ахмад уран бүтээлч байна-
-Туршлагатай уран бүтээлчид энэхүү хөтөлбөрт оролцов уу?
-Д.Бадам гээд эгч байгаа. Тэр хүний зураг Санкт-Петербургийн Эрмитаж урлаг, соёлын музейд хадгалагддаг. Монгол зургийн чиглэлээр зурдаг боловч хажуугаар нь сүүлийн жилүүдэд орчин үеийн урлагт хүч үзэж байгаа ахмад уран бүтээлч байна.
Ц.Ариунтөгс гээд гурван жил тутамд зохион байгуулагддаг “Документа” гээд Монголоос хоёр л уран бүтээлч оролцсон ийм наадмын оролцогч байгаа. Тэр хүн болохоор голчлон видео чиглэлээр уран бүтээл хийдэг. Бас Д.Дорждэрэм гэх мэтчилэн туршлагатай уран бүтээлчид оролцсон. Түүнээс гадна залуу уран бүтээлчид баг болж ажилласан. Энд нэг зүйл нэмж хэлэхэд “Зүүн арт” хөтөлбөрийн ерөнхий куратороор уран бүтээлч Ж.Анунаран, харин миний бие туслах куратороор ажилласан.
-Куратор гэхээр юу хийдэг хүн бэ?
-Куратор гэхээр ерөнхий болж байгаа үйл ажиллагааг баздаг хүн. Яадаг вэ гэхээр агуулга хаашаа чиглэх үү, агуулгаа яаж барьж ажиллах уу, бүтээл үзэгч хоёрыг хэрхэн холбох уу, уран бүтээлийг тайлбарлагч хэлж болно. Жишээ нь, Мандал суманд хийсэн үйл ажиллагаанд гурван үйлдвэрд уран бүтээлчид ямар холбоо хамааралтай бүтээлээ хийж, нийгэм, цаг үетэй хэрхэн уялдаж байгаа, орон зай яаж нөлөөлж байна гэдэг талаар холболт хийдэг хүн гэж тайлбарлаж болох юм.
-Куратор гэхээр зөвхөн нэг зүйлээр хязгаарлагдах уу?
Куратор бүх юманд байдаг. Орчин үеийн урлагаас гадна кино, уран зураг, театрын урлаг, тэр битгий хэл музей, галерейн үзэсгэлэнд куратор байгаа. Манайд сүүлийн үед байдаг болж эхэлж байна. Дэлхийн хөгжилтэй зэрэгцэхийн тулд дагах хэрэгтэй болж байгаа.
-Контемпорари (орчин үеийн урлаг) гэж юу гэсэн үг вэ. Хүмүүс энэ үгийг их ашиглаж ярих болсон?
-Орон зай сэтгэлгээний урлаг гэж Ё.Далх-Очир ахын тодорхойлолт үнэн санагдаад байдаг. Яагаад гэхээр цаг хугацаа, орон зай хоорондоо уялдаж, нийлж, нэгдэж бүтээл төрдөг. Бидний саяны солилцооны хөтөлбөрийн оролцогчид эндээс гэрэл зургаар орчин байдлаа үзчихсэн, юу хийх тодорхой уран бүтээлийн төсөөлөлтэй явж байгаа ч яг газар орон дээрээ очихоор өгч буй мэдрэмж нь илүү гүн, анхны ойлголт нь бүр зузаараад уран бүтээл хийх санаа нь баяжигдаад бүтэн болж байдаг.
-Контемпорари урлаг 20 жилийн хугацаанд олон нийтэд хэр танигдсан бэ?
-Би 2010 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг төгсөж байсан. Бид яалтчгүй мэргэжлийн сургуулиа төгсөж байгаа юм болохоор цаашаа ахиад яваад өгч байгаа. Мэргэжлийн улсуудтайгаа танилцаад, дээд үеийнхэнтэйгээ ярилцаад, тэдний явсан зам мөрийг хараад, бас гадна, дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэн үзээд явчихдаг.
Харин энэ мэргэжлээр яваагүй улсууд болохоор очиж л харуулахгүй бол тэр замаар судлаад явна гэдэг хэнд ч хэцүү шүү дээ. Анх сургуулиа төгсөж байхад контемпорари гэхээр хэн ч мэддэггүй, “Айн юу гэнээ” гэдэг байсан. Харин одоо харин ч учиртай, “Аан контемпорари юу” гэдэг болчихсон. Тэгэхээр харьцангуй өөрчлөлт байгаа.
-Уран бүтээлчид өөрөө өөрсдийгөө л боловсруулаад явж байна-
-Олон улсад ер нь энэ чиглэлийн урлаг хэрхэн хөгжиж байгаа бол?
-Санхүүжилт, анхаарал, халамж хэрэгтэй салбар. Яагаад вэ гэхээр манай зах зээл жижиг. Тиймээс контемпорари чиглэлээ бариад явж байгаа уран бүтээлчид бүтээл хийгээд мөнгө олно гэхээс илүү мөнгө олоод олсон мөнгөө бүтээлдээ зарцуулна гэсэн байдлаар амьдарч байгаа. Тэрнээс бүтээл хийгээд мөнгө олно гэсэн зарчмаар биш. Гэхдээ яахав хийгээд л байдаг. Гэтэл эргээд зах зээл жижиг учраас өрсөлдөх хүмүүсийн тоо багасаж байна, өрсөлдөх хүмүүсийн тоо багасахаар эргээд тэлэлт, хөгжил нь удааширч байна гэсэн үг.
Ийм нөхцөлд жишээ нь, Хятадын засгийн газар бол урлагаа дэмжээд дэлхийд гаргаад ирчихлээ. Бараг л хамгийн үнэд хүрэхээр болчхоод байна. Арай ч болоогүй байгаа л даа. Тэр хугацаа нэг их холгүй байгаа байх. Миний хувьд олон улсын үзэсгэлэн энэ тэрд оролцоод явж байхад ажигласан зүйл гэвэл Монголын орчин үеийн урлаг тийм хол хоцроод байгаа юм байхгүй гэж харсан. Мэдээж хожуу эхэлсэн, конпемпорари урлагийн анги гэдэг ч юм уу, эсвэл үйл хөдлөлийн сургалттай анги гэж манайд алга. Тэгэхээр уран бүтээлчид өөрөө өөрсдийгөө л боловсруулаад явж байна.
Хэрэв анхаарал халамж тавьж чадах юм бол эргээд урлаг гэдэг өөрөө эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Дэлхийн урлагийн эдийн засаг гэхэд асар том. Бид нар бас хөгжүүлээд тийшээ орж чадах юм бол уг нь бол манай улсын эдийн засагт ч хэрэгтэй, урлаг соёлд маань ч хэрэгтэй, олон талын ач холбогдолтой. Дэлхийд өрсөлдөөд явж чадах хэмжээний Монгол уран бүтээлчид нэлээн бий гэж хараад байна л даа.
-Цаашдын төлөвлөгөө юу байх вэ?
-Манай үйл ажиллагаа дуусаагүй. Сая болж өнгөрсөн хөтөлбөрийн үеэр баримтат киноны зураг авалт хийсэн. Тэр кино монтажлагдаад энэ намар гарна гэж бодож байна. Мөн каталог гарна. Энэ жил “Хөх нар” төв гурван удаагийн арт кэмп, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гэсэн хуваарьтай ажиллаж байна. Урландаа цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Баярлалаа.
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 02-нд болсон “Зүүн арт” хөтөлбөрийн уран бүтээлийн хэсгээс: