Д.Мөнхбат: Хоёр жил гаруй хугацаанд тууштай тэмцсэн өөрөөрөө бахархаж байна

Цар тахлын үед иргэн Д.Мөнхбат гадаадаас эх орондоо ирэхдээ “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, эл газарт тусгаарлагдаж буй хүмүүсийн талаар болон халдварын дэглэм хэрхэн алдагдаж байгааг цахим сүлжээнд нийтэлж олон нийтэд ил болгосон. Үүнтэй холбоотойгоор түүнийг бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хоёр жил гаруй хугацаанд шүүхээр явжээ. Энэ талаар иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.

-Сайн байна уу? Таныг яллагдагчаар татсанаас хойш өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ямар ямар үйл явдал болов?

-Сайн сайн байна уу? Миний хэрэг зөрчлийн хэрэг, Эрүүгийн хэрэг гээд хоёр тусдаа хэрэг яригдаж байгаа. Эхлээд зөрчлийн хэргээр мэдүүлэг авна. Мэдүүлэг авсны дараа нь шийтгэлийн хуудас гардуулна. Тэгээд шийтгэлийн хуудсаа барьж очоод гомдол гаргана. Гаргасан гомдлын дагуу шүүх хурал товлогдоно. Эрүүгийн хэргийн тухайд прокуророос дуудна. Яллагдагчаар татагдсан тогтоол танилцуулна. Урьдчилсан хэлэлцүүлэг болно гэх мэт явдал суудал ихтэй. Өнгөрсөн 2020 онд намайг яллагдагчаар татагдсан тогтоол гарсны дагуу би дуудсан цагт бэлэн байдаг байсан. Мөн ямар нэгэн байдлаар оршин суугаа хаяг өөрчлөгдсөн тохиолдолд заавал мэдэгдэнэ гэх мэт үүрэг хүлээсэн. Лайв хийснийхээ төлөө байн байн гүүх цагдаагаас дуудагдах ямар олиг байх вэ дээ. Сэтгэл санааны маш их дарамттай, гэр бүлийн байдал асуудалд ороод хямралтай байсан. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг бодит бус хохирол гээд  Монголд үнэлж ойлгодоггүй юм байна лээ. 

-Сэтгэл санааны дарамтаас гадна гэр бүлийн байдал асуудалд орсон гэж байна. Гэр бүлд тань таны асуудал хэрхэн нөлөөлсөн бэ? 

-Намайг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад өндөр настай хөл муутай ээж рүү минь залгаад мэдүүлэг авч, сэтгэл санааг нь хямрааж байсан. Тухайн үед ковид туссан хүн шууд үхдэг юм шиг хүмүүс буруу ойлголттой байсан. Тэгэхэд шууд цагдаагийн алба хаагч манай ээжээс “танай хүүхэд чинь гадаадаас ирээд ковид туссан. Цагдаа нар хайж байгаа. Энэ хүн хаана байна” гэж мэдүүлэг авсан байсан. Би хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээгээд дуудсан цагт нь очоод мэдүүлэг өгч болно. Тэгэхэд заавал манай ээжээс мэдүүлэг авч сэтгэл санаагаар хохироож болохгүй. Энэ нь миний хувьд улам дарамт болж байгаа юм. 

-Сэтгэл санааны дарамтаас гадна энэ хугацаанд ажил амьдралаа зохицуулахад асуудал бэрхшээл тулгарсан уу? Шүүх цагдаагаас дуудсан цагт очихын тулд ажлаасаа олон чөлөө авсан байх. 

-Тийм шүү. Шүүх цагдаагаас дуудах болгонд очихын тулд ажлаасаа чөлөө авна. Чөлөө авсан өдөр бүрийн цалин хасагдана. Тэгээд ч би монголд ирээд ажилд ороод удаагүй байсан. Шинэ ажилтан байж ажлаасаа байн байн чөлөө авах хэцүү. Тиймээс ажил олгогчтойгоо ярилцаж байгаад ажлаасаа гарсан. Хэн хэндээ амар шүү дээ. Тэгээд нэг мөсөн сэтгэл шулуудаад энэ хэргийг шийдэхээр өмгөөлөгч авч хамтарч ажилласан. Би өөрөө бараг өмгөөлөгч шиг хууль судалж танилцсан. Надад болон гэр бүлийнхэнд маань учирсан сэтгэл зүйн дарамтыг төрөөс үнэлж барагдуулах боломжгүй ч гэсэн өнгөрсөн хугацаанд шүүх цагдаа гэж явахдаа ажлаа алдсан хохирол, бичиг цаасны мөнгө гээд л бодит зардлыг нэхэмжлэх боломжтой гэдгийг мэдсэн. Тиймээс би өөрийгөө буруугүй гэдгийг батлахын хажуугаар өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн. 

-Таныг “Энхсаран” сувиллын тухай мэдээллийг олон нийтэд ил болгож байхад тус газрыг нэгэн сайдын хадам ээжийн газар гэх мэдээлэл цацагдаж байсан. Энгийн иргэний хувьд энэ хэрэгт эрх мэдэлтний нөлөө орсон гэж хардаж байгаа юу? 

-Миний хувьд “Энх саран” сувиллын эзэн хэн гэдгийг мэдэхгүй. Намайг зовоох гэж 2 жил гаран ингэж зууралдаагүй байх. Арай ч тийм кино шиг юм байхгүй байх. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь миний хэргийг сунжруулахад нөлөөлсөн. Манай улс болон ОХУ-д л нотолж чадахгүй мөртлөө цагаатгахгүй, нотлоод иртэл нь явуул гэсэн жишиг бий. Энэ жишгийг 2022 оны намрын чуулганаар шинэчилсэн. Миний бичсэн пост ард иргэдийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж, гомдол гаргасан байсан. Хэн гомдол гаргасан юм гээд хөөгөөд үзэхээр цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан миний өмнөөс гомдол гаргаад, шийтгэл оногдуулсан байсан. Хэрэв би шийтгэл оногдуулсны дагуу 500 мянган төгрөгийг төлсөн бол хохирсон хүний хохирлыг барагдуулах бус зүгээр улсын төсвийн мөнгө болж байгаа юм. Жишээ нь манай хажуу айл чанга дуу чимээ гаргаад би цагдаа дуудлаа. Тухайн дуу чимээ гаргасан айлыг цагдаа 100 мянган төгрөгөөр торгоод, төсвийн мөнгө болгодог. Тэр айл мөнгөөр хохироод дуу чимээ гаргасан хэвээрээ, би хохирсон хэвээрээ асуудал шийдэгдээгүй. Зүгээр улсын төсөвт 100 мянган төгрөг нэмэгддэг. Энэ мэт алдаатай бодлогоос болж иргэд ихээр хохирч байна. 

-Хууль шүүхээр хоёр жил гаруй хугацаанд явж, эрхээ зөрчүүлсэнд ямар бодолтой байдаг вэ? тань шиг ийм нөхцөл байдалд ороод гэм буруугүй гэдгээ батлаад дээр нь хохирлоо нэхэмжилж чадсан тохиолдол хэр их байдаг вэ?

-Зөрчлийн тухай хуулийг шүүмжлэх зүйл их бий. Иргэн ямар нэгэн үйлдэл гаргасан л бол шийтгэл хүлээлгэдэг. Өмнө нь хэлэлцэж, ярилцах зүйлгүй хатуу хууль. Хожим нь гомдол гаргаад явбал захиргааны шүүхээс хэрэгсэхгүй болгодог зөв процесс хэрэгжиж эхлээд байгаа. УИХ-д шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр өргөн мэдүүлээд явж байгаа. Энэ хуулийн хүрээнд иргэний эрх ашиг хамгаалагдах давуу талтай. Тэгснээр над шиг шүгэл үлээсэн залуучууд эрхээ хамгаалуулах боломжтой. Хэрэв хэн нэгэн над шиг эрх нь зөрчигдсөн бол мэргэжлийн хуульч өмгөөлөгчөөс мэдээлэл авдаг байя гэж бодсон. Хохирол нэхэмжлэх тухайд анхнаасаа нотлох баримтаа сайн цуглуулаарай гэж зөвлөе. Хохирол нэхэмжлэхэд баримтаар нотлох шаардлагатай. Иргэд төдийлөн сайн баримт цуглуулж нотолж чадахгүй орхих тохиолдол бий. Нотлох баримт байгаа бол шүүхэд гомдол гаргаад хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. 

-Таныг өршөөлийн хуульд хамрагдах тухай яригдаж байсан. Тэр үед яагаад зөвшөөрөөгүй вэ?

-Өршөөлийн хуульд хамрагдсанаар би өөрийгөө гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, өршөөл хүсэж байгаа юм шиг болчихно. Намайг гэм буруутай эсэхийг шүүхээр батлаагүй байхад гэм буруутай мэт өршөөл үзүүлнэ гэж ойлгосон. Хэрэв тухайн үед өршөөлийн хуульд хамрагдсан бол дараа нь шүүхэд гомдол гаргаж гэм буруу гэдгээ баталж, хохирлоо барагдуулах боломжгүй сөрөг үр дагавар байсан байна лээ. 

-Өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс танд хэр дэмжлэг ирж байсан бэ?

-Намайг Эрүүгийн хэргээр яллагдагчаар татаж, зөрчлийн шийтгэл оногдуулах болсон үндэслэл чинь цахим сүлжээнд ковидын тухай лайв хийж, пост нийтэлсэн гэх зүйл шүү дээ. Тэр нь давуу тал ч болсон. Миний бүх зүйл олон нийтэд ил байсан. Тиймээс иргэдийн дэмжлэг их байсан. 

-Таны хэрэг анхандаа олон нийтийн дэмжлэг авч байсан ч хэрэг сунжраад хоёр жил гаруй болоход иргэдийн дэмжлэг саарсан уу? Таныг тууштай байхад юу нөлөөлсөн бэ?

-Энэ хэргийг давж гарсан тууштай зандаа би өөртөө баярлаж байгаа. Бид нар энэ талаар кино хийсэн байгаа. Энэ асуудлыг байнга өөртөө болон бусдад сануулж тэмцэх хэрэгтэйг харуулахыг хүссэн. Өнөөдөр энэ талбай дээр болж байгаа жагсаал үнэндээ яг юуны төлөө тэмцээд байгааг би ойлгохгүй байна. Казахстаны Ерөнхийлөгч сая шинээр сонгогдохдоо төрийн албан хаагч ах дүүгээ улс төрд оруулахыг хориглосон хууль гаргасан. Үүн шиг яг юу хүсээд байгаагаа тодорхой байлгах хэрэгтэй. Бид нар үнэхээр бухимдалтай байна. Бухимдлаа дараад мэдлэг мэдээлэлтэй байж ЗГ-аас юу хүсээд байгаагаа тодорхой шаардах эрхтэй.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *