М.Дөлгөөнбаяр: Хүн амьдралынхаа утга учрыг бүтээж болох юм байна гэдгийг анзаардаггүй

 Философи, философич гэж хэн болох, хүний амьдралын утга учир, амьдралаа хэрхэн утга учиртай болгох талаар философи судлаач, philosophy.mn сайтыг үүсгэн байгуулагч Мөнгөнзагасын Дөлгөөнбаяртай ярилцлаа.

-НИЙГМИЙН ҮЙЛ ЯВЦЫГ ТАЙЛБАРЛАСАН ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛ ФИЛОСОФИЧ БИШ-

 –Философич гэж байдаг уу. Философич, философи судлаачийн ялгаа юу вэ?

-Философич гэж байдаг. Философи судлаач шинжлэх ухааны эрдэмтэн судлаач шиг философийг шинжлэх ухааны судлагдахуун болгон авч үзээд судалж байгаа тийм нэг хүн байна. Философич өнөөгийн нийгмийн ёс зүйн асуудлуудад өөрийн гэсэн байр сууриа үндэслэлтэй дэвшүүлж, нөлөөгөө үзүүлж чадаж байгаа хүнийг нэрлэнэ. Тиймээс философич эргээд ирээдүйн философи судлаачдын судлагдахуун болно. Харин философи судлаач ирээдүйд судалгааны материал болж чадахгүй. Сонирхолтой жишээ татвал, Ньютон өөрөө физикч, гэхдээ философич гэж явдаг. Яагаад вэ гэхээр, физикч мэргэжил дээр аливаа зүйлийг судлах, танин мэдэх, логик зэрэг философийн талын ойлголт руу орж цаашдын судалгаагаа өдөөж байгаа хэрэг.

Энд нэг юманд шүүмжлэлтэй ханддаг. МУИС-ийн Философийн анги төгсөгчид доороо философич гэдэг категоритой, дипломтой төгсдөг. Энэ нь цаанаа бид зөвхөн судлаач шиг төгсгөөд байгаа юм. Тэр хүмүүс философийг зөвхөн судалдаг хүмүүс. Харин философич байнаа гэдэг мэдлэгийг өөртөө дүрсжүүлж, биежүүлж, алхам тутамдаа бий болгох нь өөр зүйл. Ертөнцийг харах өөрийн гэсэн үзэлгүй, судлагдахууны аргагүй, нийгмийн үйл явцад өөрийн үндэслэсэн тайлбаргүй бол философич биш зүгээр л их сургуулийн дөрвөн жилийг хичээл шиг үзчихжээ. А.Камю, Ж.П.Сартр, эртний философичид философич болъё гэж болоогүй. Магадгүй эдгээр хүмүүсийн амьдрал нь философич болгосон.

-Өрнийн хөгжсөн шалтаан нь бүтээлээ хойч үедээ өвлүүлээд явсанд байдаг гэж харагддаг?

-Өв залгамжлал европчуудад байдаг. Цайз нь хүртэл байж байна. Тэр утгаар өмнөх үеийн суурь хөгжил дээр дараагийн үеийнхэн өөрийн хөгжлийг бий болгоод цааш өвлүүлээд явдаг логик байсан тулдаа өнөөдөр хүчтэй байгаа. Гэхдээ Өрнө, Дорно гэсэн соёлын том ялгааг харах хэрэгтэй. Өрнийн сэтгэлгээ өөрийнхөө хүсэлд байгалиа хэрхэн тааруулах вэ, харин Дорнын сэтгэлгээ эсрэгээр өөрийнхөө хүслийг байгальдаа хэрхэн тааруулах вэ гэсэн тухай байдаг. Өрнийнхөн өөрийнхөө хүсэлд нийцүүлж байгалийг өөрчлөх, ингээд эргээд харахад Европ хөгжчихжээ. Гэхдээ сүүлийн үед Япон, Хятад ер нь Өрнийн тийшээ явж эхэлж байна.

-Хүн байгаа газар философи байгаа, яг сэтгэл зүй шиг?

-Шинжлэх ухааны дундын салбар болох шинжлэх ухааны философи гэж байдаг. Шинжлэх ухаанч, судлаач нарт судалгаа хийж хөтлөгдөх хөг гэж бий. Түүнийг олж авахын тулд философи хэрэгтэй. Шинжлэх ухаан, философи хоёрын ялгааг гаргахын тулд нэг жишээ татъя. Философийн нэг салбар бол ёс зүй. Ёс зүйн шинжлэх ухаан гэж байхгүй. Харин Физикийн шинжлэх ухаан гэж байгаа. Ёс зүй гэхээр сайн, муу гэж юу вэ гэж асуулт тавьж, маргаж явсаар тухайн цаг үе, тухайн газар орондоо үнэн гэдэгт хүрнэ. Физик шиг ямар нэг хатуу биет, жишээ нь ширээ шиг судлагдахуун болохгүй.

-АЛЬ БОЛОХ ХУРДАН СУРАЛЦААД ДАРААГИЙН АЛДАА РУУ ЯВНА-

-Өөрийн тань хөтөлдөг подкастад “Ямар нэг зүйлийг ямар ч байсан хийгээд үз” гэсэн хэсэг байдаг. Зарим хүмүүс хийж үзээд амжилттай болчихлоо, цааш явлаа. Харин болоогүй нэг нь яах вэ?

-Туршиж үзээд болохгүй байгаагаа мэдэх гэдэг суралцах үйл явц. Аль болох хурдан суралцаад дараагийн алдаа руу дахиж явна. Энэ тойргийг ажил хэрэг дээр ч бай, ахуй амьдрал дээр ч бай сурчих хэрэгтэй. Жижигхэн жижигхэн алдаад, жижигхэн жижигхэн суралцаад явах чинь өөрөө маш том ахиц авчирдаг. Уламжлалт программ хөгжүүлэлтийн арга гэж байдаг. Тэнд тухайн бүтээгдэхүүн хоёр жил хэрэглэгчийн гар дээр очихгүй, дотооддоо сайн, муугаа ярьж ярьж хэрэглэгчийн гарт очоод маш том алддаг. Үүний оронд шууд туршаад, алдаад явах нь чухал.

-Саяхан томоохон үнийн өсөлт болоод буурсан. Өмнөх 7 хоногт 5000 төгрөгөөр зарагдаж байсан төмс дараа 7 хоногт 2500 болчихсон. Энэ инфляци мөн үү?

-Мөн мөн. Зах зээл дээр 2 төгрөг, 2 кг төмс байя гэж бодъё. 1 кг төмс 1 төгрөгийн үнэтэй. Хоёр хуваагдмал харьцаа гарч байна. Төмс үнэтэй болчхож гээд төмсөө зарах гээд зах зээлд 2 кг төмс нийлүүлнэ. Тэгэхээр үүнийг хуваагаад үзвэл 1 кг төмс 0.5 төгрөгийн үнэтэй болж байна. Эрэлт, нийлүүлэлтээр үнэ тогтож байгаа. Өөрөөр хэлбэл худалдан авагчдын гар дээр байсан 2 төгрөг болон зах дээр нийлүүлэгдсэн 2 кг эсвэл 4 кг төмсний хэмжээ хоёроор юмны үнэ органикаар тогтож байгаа. Чөлөөлөгдсөн үнэ ингэж ажилладаг. Манайд ус гэхэд төрөөс үнэ чөлөөлөгдөөгүй байна. 2 төгрөг байсан усны үнэ чөлөөлөгдөөд 12 төгрөг болж болно.

-УТГА УЧРАА ӨӨРӨӨ ҮҮСГЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ НЬ ХАМГИЙН НАНДИГНАХ ЁСТОЙ ЗҮЙЛ-

-Утга учир гэж юу вэ?

-Би өөрөө экзистенциалист. Экзистенциалистууд юу гэж үздэг вэ гэхээр “Утга учир надаас өмнө байгаагүй. Надаас хойшоо утга учир байна. Тэгэхээр би өөрөө утга учраа үүсгэнэ” гэдэг. Утга учир философийн хамгийн их яригддаг сэдэв. Ф.Ницше утга учир байхгүй гэсэн. Ингээд утга учир байхгүй юм чинь яасан ч яах вэ гэсэн нихилизм гарч ирсэн. Гэхдээ нихилизм бол философийн туулах шат байсан. Юу гэсэн үг вэ гэхээр Ф.Достоевский “Гэмт хэрэг ба ял шийтгэл”, “ А.Камю “Этгээд хүн”, Ф.Кафка “Шүүх ажиллагаа” зэрэгт абсурдизм буюу амьдрал өөрөө утгагүй гэдгийг харуулдаг. Олон юм туулаагүй, уншаагүй залуус энэ төрлийн номыг уншаад хийсвэр болчихдог. Ажлаа тасалдаг ч юм уу, урлагийн, утга уянгын юм хөөгөөд замхардаг. Тэгвэл эндээс гогцоолдож гаргаж чадах нь экзистенциализм. Амьдрал утгагүй учиргүй юм байна, би өөрөө утга учраа бүтээж болох юм байна гэдгийг анзаардаггүй. Зарим хүмүүс энэ хэсгийг анзааралгүй философид живчихдэг.

Үүний дараа утга учраа хүсэх хүсэл буюу хүчтэй болох хүслийн талаар ярьж эхэлнэ. Жишээ нь, Гитлер хүчтэй болох хүслийг өөртөө өгчхөж байгаа юм. Хэн нэгэн тэг гэж хэлээгүй. Гитлерийн хүсэл хүчтэй байсан учраас дэлхийг самарч байгаа юм. Зөрүүлээд Холбоотнуудын дэлхийгээ аврах гэсэн хүчтэй хүсэл нь их байсан учраас ялагдсан. Хоёр хүний хоорондох яриа ч тэр. Хоёр хүний нэг нь илүү харизмтай. Харизм гэдэг зүгээр байж байдаг зүйл ч биш. Утга учрынхаа төлөөх хэр их хүсэлтэй байна тэр хэмжээгээр харизм гарч ирдэг. Экзистенциализмын хувьд утга учрыг өөрөө бүтээдэг гэж үздэг. Энэ нь өөрөө маш том эрх чөлөөг хүн төрөлхтөнд олгосон. Залууст хандахад, утга учраа өөрөө үүсгэх эрх чөлөө гэдэг нь хамгийн нандигнах ёстой зүйл мөн. Өөр дээрээ анзаарсан л даа, утга учраа өөртөө шашин мэт болгож итгээд, мөрөөдөөд, түүнийхээ төлөө уйлаад, зовоод, туулж чадах гэдэг их хэцүү юм билээ. Утга учраасаа “хулчийх” амархан.

-Өөрийн подкаст болон сошиалаас харахад одооны залуус философийг хэр ойлгодог болсон юм шиг байна?

-В.Франкл экзистенциалист сэтгэл зүйчийн “Утга учрын хямралд орсон хүн өөрийгөө таашаалаар аргацаадаг” гэсэн үг байдаг. Манай нийгэмд яагаад хямдхан контентууд олон хандалттай байдаг вэ гэхээр тухайн контентыг үзэхэд хүчин чармайлт шаардахгүй. Эх сурвалж нь дандаа хүн байдаг. Жишээ нь, хэн нэг хүний 10 жилийнх нь амьдралыг яриулаад, эсвэл шаар үлээлгэдэг ч юм уу, ямар нэг тоглоом тоглуулаад тэгээд л болчихдог. Харин сэдэв хөнддөг нь ховор. Утга учрыг хямралд орчихдог учраас ийм төрлийн контент үзэж өөрсдийгөө аргацаадаг.

Стойсизм гээд философийн урсгал байдаг. Энэ урсгал нь амьдралын олон арга залиудыг заадаг. Жишээ нь, “Үхнэ гэдгээ байнга санаж яваарай, тэгвэл үхэхийнхээ өмнө харамсахгүй шүү”, эсвэл “Байгаль дээр байгаа бүхэн буцдаг, үүнийг мэдэж байвал зовохгүй” гэдэг ч юм уу. Харин Ф.Ницше юу гэж шүүмжилсэн бэ гэхээр утга учраа үүсгэх хүсэл чинь нэгдүгээрт, амьдрах арга заль хоёрдугаарт гэсэн. Манайхан хоёрдугаарт байгаа хэрхэн баяжих вэ, хэрхэн сайхан амьдрах вэ зэрэг хувь хөгжлийн номуудаар өөрсдийгөө бөмбөгдөөд байгаа юм.

-Сүүлд ямар ном уншсан бэ?

-Ф.Ницше “Beyond good and evil” номыг англи хэл дээр уншиж байгаа. Яагаад энэ номыг сонгосон бэ гэхээр сүүлийн зургаан сар энэ хүний номыг уншиж байна. Яагаад энэ хүнийг сонгосон бэ гэхээр миний зан чанартай тохирсон. Номд хүн хэрхэн дотроо сайн, мууг хөгжүүлэх вэ гэдэг тухай гардаг. Сайн гэдэг нь хүчтэй болж байгаа тэр мэдрэмж, харин сул дорой болгоноос гарсан болгон муу гэж тодорхойлсон.

-Философийн манайд орчуулагдсан номуудаас алийг уншихыг зөвлөх вэ?

-Зөндөө номууд байгаа. Яг одоогоор А.Адлер “Амьдрахуйн шинжлэх ухаан”, Ж.Гаардер “Софийн ертөнц”, Ф.Ницше “Заратустра” номуудыг нэрлэх байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *