Ц.Хулан: Хүүхдээс олон давтамжтай шалгалт авах нь стресст оруулж, тархи нь юм хүлээж авахаа больдог
Тэртээ 1990-ээд онд МҮОНРТ-ээр англи хэлний хичээл заадаг жаахан охин Цэнддоогийн Хуланг хүн бүр таньдаг байв. Ц.Хулан багш одоо Англи хэлний “Кингс Кидс” сургуулийн захирлаар ажилладаг. www.ivoice.mn энэ удаа боловсролын салбарын өнөөгийн байдал, хүүхдээ амжилттай сургахад эцэг эхчүүд юу анхаарах вэ зэрэг сэдвээр Ц.Хулан багштай ярилцлаа.
-МҮОНРТ-ээр Англи хэл заадаг жаахан охин Ц.Хуланг хүн бүр л мэддэг байсан шүү дээ. Тухайн үедээ телевизээр хичээл заах нь шинэ, соргог зүйл байсан санагддаг. Хэдэн жил Англи хэлний хичээл заасан бэ?
-Анх 1998 онд 10 настай байхдаа МҮОНРТ-ээр Англи хэлний хичээл зааж эхэлж байлаа. Хүүхэд байсан гэхэд уйгагүй байжээ. Таван жилийн турш 520 цагийн хичээл заасан байдаг. Ер нь Монголын анхны л зайн сургалт байсан даа. Одоо бол бүх юм онлайн болж цахим зайн сургалт их түгээмэл болжээ.
-Эргээд Англи хэлийг контент хэлбэрээр заах бодол бий юу?
-Маш их. Даан ч цаг зав үнэхээр болохгүй л байна. Цаг зав хүрэлцвэл яагаад болохгүй гэж.
-Таныг хаана ийм өндөр боловрол эзэмшив, англи, Франц, Хятад, Солонгос хэлийг яаж ийм сайн сурав асуулт их байдаг юм билээ?
-Бага ангидаа Хобби дунд сургуульд сурдаг байсан. Ахлах ангидаа АНУ Монтана мужийн Mайлс Сити хотын “Custer County District High School”-ийг төгсөж, дараа нь БНХАУ-ын Шанхай хотын “Tongji” их сургуулийг төгссөн. Хятадад 7 жил сурч, ажиллаж амьдарсан.
Одоо бол Английн Экстерийн их сургуулийн Боловсролын удирдлагын магистраар сурч байна.
Их сургуулиа Хятадад төгссөн болохоор Хятад хэлтэй. Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Франц хэлний оройн ангид суралцаж төгссөн. Сүүлд Солонгос хэл бие дааж судалсан.
СУРГУУЛИЙГ АНХНААСАА БИЗНЕС ГЭЖ ХАРЖ БАЙГУУЛААГҮЙ
-Одоо удирдаж буй “Кингс Кидс” сургуулийнхаа талаар танилцуулаач?
– Манай сургууль нь 1999 онд байгуулагдсан, 24 дэх жилийн элсэлтээ авах гэж байна. Нэгдүгээр ангиасаа Англи хэл дээр хичээлүүдээ үздэгээрээ давуу талтай. Их Британийн Олон улсын бага, дунд ангийн хөтөлбөрийг Монголынхоо цөм хөтөлбөртэй хослуулан үздэг. Энэ хичээлийн жилд манай сургууль 380 гаруй сурагч, 40 гаруй багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай сургууль IPC, IMYC хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийг одоогоор Монголд 2 сургууль албан ёсоор хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай сургууль.
Уг хөтөлбөр нь дэлхийн 1200 гаруй олон улсын интернайшнл сургуулиудад хэрэгжиж буй залгаа хөтөлбөрүүд юм. Бага ангийн IPC хөтөлбөрөө үзэж дуусаад дунд ангидаа IMYC хөтөлбөрөө үздэг. Энэ хөтөлбөр нь уламжлалт аргаар бус хүүхдэд мэдлэг, чадвар, ойлголтыг хослуулан эзэмшүүлэхээс гадна 21-р зууны хүүхдүүдэд хэрэгтэй хувь хүний хөгжлийн зөөлөн ур чадваруудыг хүүхдэд давхар олгодгоороо онцлогтой.
-Хүмүүс сайн боловсролыг чухалчилдаг болсон. Үүнийгээ дагаад хувийн сургуулиудын орон зай ч нэлээн тэллээ. Боловсролын байгууллагыг нэг талаас бизнес гэж харж байна. Энэ тал дээр ямар зарчим баримталдаг вэ?
-“Кингс Кидс” сургуулийг миний ээж үүсгэн байгуулсан. Боловсролын байгууллагад 57 жил ажиллаж байгаа Монгол Улсын Гавьяат багш Ж.Мягмарсүрэн гэж хүн бий. Өвөө маань Булган аймгийн Тэшиг сумын сургуулийн анхны захирлаар томилогдон ажиллаж байсан Жумба гэж багш хүн байлаа. Би бол гурван үе дамжсан багшийн гэр бүлд төрж өссөн хүн.
Тэр ч утгаараа сургуулийг анхнаасаа бизнес гэж харж байгаагүй. Овойж оцойсон их ашиг олох зорилго тавиагүй. Сурган хүмүүжүүлэх, шавьтай байх нь хамгийн сайхан. Бас энэ ажлаасаа кайф, эрч хүчийг авдаг.
Боловсролын салбарыг бизнес гэж харж энэ ажлыг хийж байгаа бол буруу. Монголын ирээдүйг, дэлхийн хаана ч тэргүүлэх боловсролтой иргэнийг бэлтгэх нь үндсэн зорилго нь байх ёстой. Боловсролын чиг хандлага их өөр болж байна. Үүнийгээ дагаад багш нарын заах арга, сургалтын хэрэглэгдэхүүн, анги танхим ч өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ болгоныг анзаарч мэдрэмжтэй сонголтуудыг хийдэг байх нь чухал.
ҮГ ЦЭЭЖЛЭХ НЬ ХЭЛ СУРАХ АРГЫН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ
-Хэл сурахад анхаарах зүйлийн талаар хэлж өгөөч?
-Ямар ч хэлийг сурахад үндсэн 4 чадвар болох яриа, сонсгол, унших, бичих гэсэн чадварыг эзэмших шаардлагатай.
Хамгийн гол нь хэл сурах зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Хэрэв зөвхөн хэлээ сайжруулъя, IELTS, TOEFL оноо авах шаардлагатай бол богино хугацааны сургалтад хамрагдах нь зөв. Харин гадаад хэл дээр сэтгэдэг, унаган хэлтэй больё гэвэл энэ нь мэдээж хугацаа шаардана. Мөн сурах арга барил ч өөрчлөгдөнө.
-Үг цээжилж байж хэл сурна гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ арга хэр оновчтой вэ?
-Миний хувьд буруу гэж үздэг. Үг цээжлэх бол англи хэл сурах чадварын өчүүхэн л хэсэг. Цээжлэхдээ тэр үгийг хаана, ямар нөхцөлд, ямар холбоо үгээр ашиглах вэ, албан ёсны ярианд ашиглаж болох уу гэх зэрээр цогцоор судлах шаардлагатай.
-Та олон хэл өндөр түвшинд эзэмшсэн хүн. Тэр ч утгаараа таныг өөрийнхөө хүүхдийг ямар арга барилаар хүмүүжүүлдэг бол, боловсролд нь хэрхэн анхаардаг бол гэж сонирхож байж мэдэх юм. Надад ч гэсэн сонирхолтой байна?
-Хүмүүс Хулан багш хүүхэддээ нэмэлт хичээл ороод л, байнга хичээл хийлгэдэг гэж боддог байх. Харин би эсрэгээрээ. Гэртээ байхдаа ажил дээрээ байгаа мэт орчин бүрдүүлэхийг хүсдэггүй.
Гэхдээ хүүхдээ бүх талаар дэмжих зарчим баримталдаг. Зүгээр л “grandma effect” буюу хүүхдийг эмээ шиг нь сайн дэмжих хэрэгтэй. Заавал энийг сур гэхээс илүү тэр хүүхэд юунд сонирхолтой байна, юу хийж байна тэр болгоныг л магтаж, дэмжих хэрэгтэй.
Тийм аргаар харилцвал хүүхэд өөрөө нэгийг хийсэн бол хоёрыг хиймээр санагдана, хоёрыг хийсэн бол гурвыг хийж чаддаг болно. Урмаар л хүүхдийн хичээл номыг нь хийлгэж, дэмжих хэрэгтэй.
ЦАХИМААР УДААН ХИЧЭЭЛЛЭСНЭЭС ХҮҮХДҮҮД ЗОЖИГ, ЭМЗЭГ, АМАРХАН УУРЛАДАГ БОЛСОН НЬ АЖИГЛАГДЛАА
-Хүүхэд амжилттай суралцахад эцэг эхийн оролцоо мэдээж чухал байх. Гэхдээ аав, ээжүүд ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?
– Хүн бүхэн адилхан биш шүү дээ. Нэг юмандаа муу байхад өөр нэг зүйлд сайн байх жишээтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах гээд байдаг. “Чи ийм л хүн бол, ингэ тэг” гээд л шийдвэр гаргаад байдаг.
Миний хүүхэд юунд сайн байна гэж огт боддоггүй. Математик, англи хэлийг чухалчлаад, тэр хичээлд л шамдах ёстой юм шиг туйлширсан хандлага гаргах нь олонтаа. Ингээд ирэхээр хүүхдэдээ урам зориг өгөхөө ч больчихдог.
Үнэндээ таны төрүүлсэн хүүхэд ч тусдаа хувь хүн. Тиймээс хүүхдээ маш сайн сонсох хэрэгтэй. Хүүхэд өөрөө хичээгээд байгаа ч чадахгүй тохиолдол бий. Энэ бол байж болох л зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүүхэд болгон онц сурах албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд хүүхдээ сайн таних хэрэгтэй. Орчин үед эцэг эхчүүд өөрсдөө бас их завгүй байна л даа. Өглөө гараад л орой ирж байна. Гэхдээ ядаж оройн хоолоо идэхдээ 2 талд утсаа үзэхгүйгээр хүүхэдтэйгээ ярилцаж тэднийг таньж, мэдэхийг эрмэлздэг байгаасай гэж хүсдэг.
-Цар тахлын үеэр хүүхдүүлийн хичээл 2 жил гаран цахимаар орлоо. Цахим сургалтын сул болон давуу тал?
-Давуу тал нь гэвэл нэгдүгээрт орчин хамаарахгүйгээр хичээлдээ хамрагдах боломжтой. Хоёрдугаарт танхимаар ашиглах боломжгүй ашиглахад хүндрэлтэй аппликейшн, программ, 3D гэх мэт үзүүлэн танигдахуйн материалуудыг ашиглаж болж байна. Гуравдугаарт 21-р зуун буюу цахим эрин үед хүүхдүүдэд цахим орчны боловсролыг маш сайн олгосон гэж бодож байна.
Сул тал нь амьд харилцаа, ангийнхантайгаа нийгэмших тал дээр их сөргөөр нөлөөлж байна. Цахим хичээл их удаан үргэлжиллээ. Сургууль бол зүгээр л хүүхдүүд хичээлээ хийгээд л гардаг газар биш. Нийгэмших, амьд харилцаа, амьдрал өрнөдөг газар гэдэг нь цар тахлын үед илүү их мэдрэгдсэн болов уу.
Цахимаар хичээллэсэн хугацаанд хүүхдүүд нийгмээс тусгаарлагдаж зарим нь хэт дэлгэцийн хамааралтай болсон шинж анзаарагдлаа. Сошиал платформ хэт их ашиглаж байна. Өдөр тутам үе тэнгийхэнтэйгээ харилцаагүйгээс зожиг, эмзэг, бухимдалтай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болсон нь маш их ажиглагдаж байна.
–Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж сургууль, багш нар төр засгаас гаргаж байгаа янз бүрийн шийдвэртэй зохицон ажиллах шаардлага үүссэн. Хүндрэлтэй зүйл хэр их тохиолдож байна?
-Засгийн газрын шийдвэр, хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар авч байгаа өөрчлөлтүүд нь хэт цаг тулгаж гардаг. Сая л гэхэд 12-р сарын 10-наас шууд цахимаар хичээл орно гэсэн шийдвэр гэнэт гарлаа. Сургууль, багш нар ажлаа урт хугацаанд жилээр нь төлөвлөчихсөн байдаг. Гэтэл цаг тулгасан шийдвэрүүдээс болж энэ төлөвлөгөөгөө өдөрт хэд хэд өөрчлөх шаардлага тулгарч байна.
-Бага ангийн, тэр тусмаа 1-р ангийн хүүхдийн ачаалал, гэрийн даалгавар их байгаа талаар нийгэмд шүүмжлэл өрнөдөг. “Монгол Улс шиг хүүхдийг дөнгөж сургуульд оронгуут нь хичээлээр шахдаг тогтолцоо байхгүй” гээд л. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Дэлхийд боловсролын салбараараа тэргүүлж байгаа Финлянд улсын хэрэгжүүлдэг, Монголд хэрэгжүүлэх шаардлагатай 2 арга барил байдаг. Нэгдүгээрт, тэд багш сурган хүмүүжүүлэгч нартаа маш өндөр шалгуур шаардлага тавьдаг, түүнийгээ дагаад цалин урамшуулал ч өндөр.
Хоёрдугаарт, Монголд хүүхдээс маш их шалгалт авдаг. Мэдээж шалгалт авч төвшинг нь тогтоох нь зөв ч давтамж их. Үүнээс болоод хүүхэд маш их стрессдэж, тархи нь юм хүлээж авахаа больдог. Мөн зөвхөн шалгалтанд зориулж сурах хандлагыг үүсгэх гээд байдаг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Ярилцсан: И.ЭГШГЭЛЖИН
Sain bagsh. Ene bagshiin achar english mundag bolson doo.
Woow