Г.Ганболд: Дуусаагүй, төсөвт өртөг нь нэмэгдсэн төслүүдийг бүрэн санхүүжүүлэхэд 6 их наяд төгрөг шаардлагатай
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг тэглэсэн хэдий ч урсгал зардлаа 2.5 их наядаар нэмэгдүүлсэнд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж буй. Төсвийн 3, 4 дэх хэлэлцүүлэг энэ долоо үргэлжлээд 11 сарын 15-ны дотор 2023 оны төсвийг УИХ батлах учиртай. Төсвийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.
-Таны хувьд төсвийн Ажлын хэсэгт орж ажилласан, тэр тусмаа хөрөнгө оруулалт чиглэлд. Энэ удаагийн төсвийн зардлыг бууруулах гол арга зам нь шинэ хөрөнгө оруулалтыг тэглэсэн явдал гэж ойлгож байгаа. Тойргоо услах асуудлыг хойш тавиад улсаа бодоцгооё гэцгээсэн. Гэвч он дамжсан ажлуудад шаардагдах зардал өндөр, дээрээс нь урсгал зардал ч нэмэгдэж орж ирлээ. Таны хувьд байнгын хороо, чуулганы хуралдаанд дээрх асуудлаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан?
-Төсвийн ажлын хэсгийн гол зорилго бол алдагдалтай төсвийг бууруулах, цаашдаа алдагдалгүй ажиллах тал дээр анхаарах шүү дээ. Жил бүрийн төсөв байнга алдагдалтай батлагдаж ирсэн. Энэ жил ч ялгаагүй 1.5 их наядын алдагдалтай байна.Тиймээс үл хөдлөх хөрөнгө, газрын татварыг нэмэх зэрэг замаар орлогоо нэмэгдүүлэхээр тооцсон.
2023 оны төсвийг Төсвийн хувьд орлогоо сайн нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа 0 болгосон ч урсгал зардлаа 2.5 их наядаар нэмэгдүүлсэнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Ингэх байсан юм бол хөрөнгө оруулалтыг царцаасны хэрэг алга.
Шаардлагагүй зардлаа хасч танаад 150 тэрбум орчим төгрөг хэмнэсэн. Энэ мөнгөөр Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжиж байгаа. Мөн “Өнөр бүл” асрамжийн төвийн урсгал зардлыг шийдсэн. Энэ мэт нийгэмд зайлшгүй шаардлагатай урсгал зардлыг шийдэж байна.
Хэдийгээр хөрөнгө оруулалтыг тэглэсэн ч эхэлсэн, дуусаагүй, одоо үргэлжилж байгаа хөрөнгө оруултад нийт 2.7 их наяд төгрөг хуваарилсан. Ер нь өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын бодлого алдаатай явж ирсэн. Жишээ нь 10 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлыг “Энэ жил хурдан эхлүүлье” гэж зүтгүүлсээр 100 сая төгрөг ч хамаагүй тавиад ажил эхэлсэн нэр зүүдэг.
Ингэж эхэлсэн ажил хэдэн он дамнаж, төсөвт өртөг нь анхны тооцоолсноос хэд дахин нэмэгдэнэ. Сая дуусаагүй, царцсан барилгуудад судалгаа, тооцоолол хийхэд аль 2010, 2012 онд эхлээд одоо болтол бэлэн болоогүй барилгууд ч байна.
Үндсэндээ хөрөнгө оруулалтын зардлыг эцэс төгсгөлгүй үнийн зөрүү, олон жил сунжирсан ажлууд хүндрүүлж байна. Цэг тавьж цэгцэлмээр байна. Үүний тулд эрсдлийг төр, аж ахуйн нэгжүүд хамтарч үүрдэг болох хэрэгтэй.
-Арав гаруй жил баригдаж дуусаагүй барилгууд, өмнөх 1-2 жилд эхлээд дуусаагүй барилгууд байгаа гэхээр төсөв хаанаа ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Ер нь эхлүүлээд орхисон, царцсан, төсөв нь нэмэгдсэн төслүүдэд нийтдээ хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Сая хуваарилсан 2.7 их наяд бол зөвхөн 2023 оны төсөвт тусгасан тоо. 2024 онд 3 их наядын асуудал яригдана. Одоо эхэлчихсэн яваа төслүүдээ дуусгахад 6 орчим их наяд төгрөг шаардлагатай.
-Шинэ хөрөнгө оруулалтыг царцаасан нь тойргийн сонгогчдод мэдээж таалагдахгүй. Гэхдээ гишүүд тойргоо услах гэж гүйхгүй гэдэг дээр санал нэгдэж байна гэж ойлгож байгаа?
-Гишүүд улс орны асуудалд анхаарах цаг ирсэн.Дараагийн сонгуулиа л бодож, тойрог усалж явсаар улс орны эдийн засаг, өр зээл ийм байдалд хүрлээ. Энэ удаагийн парламент харьцангуй эрүүл ажиллахыг эрмэлзэж байгаа. Түүхэндээ анх удаагаа алдагдалгүй баталчих юмсан гэж бодсон. Гэвч хөрөнгө оруулалтаа тэглэчихээд урсгал зардлаа 2.5 их наядаар нэмэгдүүлж, алдагдалтай төсөв батлах гэж байгаа нь харамсалтай.
-Төр хэмнэлт хийж байна л гэдэг. Гэтэл үнэндээ төрийн энэ хэмнэлт төсвийн зардалд жин дардаггүй. Гэхдээ иргэд, олон нийт төр шаардлагагүй зардлаа танаж, орон тоогоо багасга гэж шаарддаг. Энэ асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?
-Төрийн хэмнэлтийн хууль бол үнэндээ иргэдэд таалагдах гэж л хийж байгаа зүйл. Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжээд хэдэн аймгийн орлогч дарга нар л огцорлоо. Эсрэгээрээ хэдэн яам нэмэгдэв? Энэ мэт аар саарханаар дорвитой хэмнэлт хийж чадахгүй.
Сая гэхэд Засгийн газрын авто баазыг халах шийдвэр гарлаа. Энэ хэр хөрсөн дээрээ буусан шийдвэр вэ? Урт хугацаанд хөдөө орон нутгаар байнга томилолтоор явдаг улс төрийн албаныхны зардал улам л нэмэгдэнэ. Ирэх жил түрээсийн машины зардалд хэдий хэмжээний мөнг зарцуулсан нь аяндаа ил тод болно. Энэ үед энэ шийдвэрээ буцааж таарах болов уу. Үүний оронд өр зээлдээ анхаармаар байна.
-”Орлогоо нэмэхийн тулд татварын дарамт, иргэдийн халаас руу өнгийх нь” гэдэг шүүмжлэл их байна ?
– Гол орлогыг мэдээж уул уурхайн экспорт бүрдүүлнэ. Уул уурхайгаас олох орлогыг хамгийн өсөлттэй буюу 2019 оны түвшинд аваачина гэж тооцоолж байгаа. Тэр түвшинд хүрч чадвал татвар нэмэхгүй байх боломжтой. Нийслэлийн хувьд бол төсвөө өөрөө бүрдүүлнэ. Түгжрэлийн асуудал авто машины татвартай шууд хамааралтай байдаг. Жишээ нь Японы энгийн иргэн хот дотроо машин унах татвараа төлж чадах хэмжээний орлоготой болчихоод хувийн машинтай болдог юм байна лээ. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүд орлого нэмэгдүүлэх гэхээс илүү түгжрэлийг буруулахад илүүтэй чиглэж байгаа.
Нөгөө талаас УИХ дээр хөрөнгө оруулалтад ердөө 1.5-2 их наядыг төсөвлөж байхад төрийн өмчит компаниуд үүнээс давсан хөрөнгө оруулалт ТУЗ-өөрөө батлуулаад, урсгаж байна шүү дээ. Ийм хэмжээний мөнгө урсгаж байгаа компаниудаас ноогдол ашиг авах замаар орлогоо нэмэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.