Г.Аким: Залуу сэтгүүлчид шахалт хавчилтаас айдаггүй, зоригтой байх ёстой
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, судлаач, орчуулагч Готовын Аким гуайтай сүүлийн үеийн сонин хачин, судалгааны ажил, залуу хүн, залуусын талаар ярилцлаа.
–ЮМ ОРОЛДДОГ ЗАЛУУ ҮЕЭ ГАРГАЖ ИРЭХ ГЭЖ ЧАРМАЙЖ БАЙСАН–
-Сайн байна уу. Та сүүлийн үед ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
-Би аялж, үзсэн харснаа бичдэг. Ялангуяа уул ус, тахилгат уул, Монголын Нууц Товчооны газар усны тухай судалж бичдэг хүн. Сүүлийн хоёр жил гар хүлээстэй, хөл тушаатай байсан учраас явж чадах аа байсан. Энэ хооронд орчуулга жаахан хийлээ. Нобелийн шагналт А.Камюгийн “Тахал”, А.Куприний “Суламифь” туужийг орчуулсан.
Одоо яах вэ. Цаг сайхан болоод аяллынхаа мөр рүү орж байна. МНТ гэдэг гайхамшигт сурвалж бичгийн газар усыг хаана, хаана ямар нэртэй байна вэ гэдгийг хөөж явна. Нийтдээ 20-иод жил судалж байна. Саяхан Буриадын Хоринск орсон. Хорь түмэдийн нутаг орон Ариг усанд Алунгоог төрсөн гэж МНТ бичсэн байгаа. Тийм учраас Алангоо эхийн мэндэлсэн газар очиж зураг хөрөг авч, нутгийн улсуудтай уулзаж яваад ирлээ. Тэгтэл харин нөхдүүд араас утасдаад “Энэ талаар баримтат кино хийе” хүрээд ирэхгүй юу гэж урилаа. Одоо ингээд явахаар бэлдэж байна.
-Сэтгүүлчээс судлаач болсон тань сонирхол татаж байна?
-Анхнаасаа л сэтгүүлч-судлаач байсан. Миний судалгааны ажил Хүннү, Атилла хаан, Чингис хаан, мөн 30, 40-өөд оны хэлмэгдлийн үеийг хамарсан судалгааны ном болж гарсан. Номоо нийтлэлийн хэлбэрээр бичсэн. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйгээ ашиглаад бичдэг. Ийм учиртай.
-Их сургуулиа төгссөн залуу хүнд өмнөх үеийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү байсан байх?
-Юу л даа. Манай өвгөд их сайхан байсан шүү. Ухаан нь би төгсөөд орчуулга хийх гээд, ер нь би орчуулгыг гуравдугаар дамжаанаас хийсэн. Ном орчуулах хорхой өвчин, тэгээд явж байхад Г.Амар багш намайг хүлээж аваад өөрийнхөө номын сангаас “Ундаассан бурхад” гэдэг ном авч ирээд орчуулуулж байсан.
Тэгэхээр тэр үеийн ахмад хүмүүс гэдэг бол юм оролддог залуу үеэ гаргаж ирэх гэж чармайж байсан. Өөрөөр хэлбэл өөрийн ороо бэлдэх гэдэг юм уу. Тэр талаар манай өвгөд их сайхан байсан. Г.Амар, Д.Чойжил гээд эднүүд л намайг хөтөлж оруулсан. Тэдний хүчээр бас нэг хүнээс дутуугүй нэг мөр хэлхчихдэг дотроо бодож явдаг. За тэгээд Б.Ринчен багшийнхаа юмыг нэгд нэгэнгүй судалсан юм даа. Багшийн эр зориг, хэл найруулга надад нөлөөлсөн гэж дотроо залбирч явдаг юм.
-Таны хувьд шавь нараа төрүүлж байна уу?
-Одоо чинь миний мэргэжил, оролдож байгаа зүйл рүү орох хүн цөөрсөн байна. Байхгүй байна. Соёл-Эрдэм дээд сургуульд бараг 10-аад жил багшилсан. Гайгүй сайн судлаач, сэтгүүлч болчих 5, 6 залуу байсан. Одоо тэгээд бүгд өөр өөр тийшээгээ явчихлаа. Сэтгүүл зүйгээр чинь амь зуухад хэцүү болчихсон юм байна. Ахиухан цалин мөнгө хараад зарим нь түшмэл болоод, зарим нь гадаад, дотоодод яваад, бид нар япон хэлтэй сэтгүүлчид бэлдэж байсан юм л даа. Яг одоо судлаач болсон таныг дагаад явнаа гэх хүн алга байна.
-ЗАРИМ ЭРДЭМТЭД СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА БАРЬСААР БАЙНА-
-Монгол Алтайгаас хүний нэг салаа үүсэл байсан гэж боддог юм?
-Монгол хүн монгол нутагтаа л үүссэн гэж хувьдаа үздэг. Африкаас наашаа нүүгээд 40-өөд мянган жилийн өмнө энд суурьшсан гэдэг бол худлаа. Яагаад гэвэл Норовлингоос байна уу, 150 мянган жилийн өмнөх хомосапиенс гээд ухаант хүний дагзны яс олдсон шүү дээ. Тэгэхээр 40 мянган жилийн өмнө суурьшсан юм бол 150 мянган жилийн өмнөх яс яагаад эндээс олдсон юм бэ. Тэгэхээр энэ онол худлаа байна.
Алтайгаас хүн үүссэн гэдэг “Хиргүй охин тэнгэрийн шастир”, тэнд бол Алтайд байсан хүмүүстэй тэнгэрээс ирсэн хүнтэй нийлж Алтан ургийнхан үүссэн гэж бичсэн байгаа. Төвөд ном л доо. Гэхдээ төвөд хүн бичсэн үү, монгол хүн бичсэн үү гэдгийг хэн ч тогтоож чадахгүй байна. Хэрвээ төвөд хүн бичсэн бол бүр үнэн болж таарна. Тэд санаанд орсон юм аа бичихгүй шүү дээ. Нэг л мэдээлэлтэй, эх сурвалжтай байж монголчууд тэнд үүссэн байна гэдгийг хэлчихсэн байгаа.
-Домог үнэн эсэхэд хүмүүс эргэлзсээр байдаг?
-Домог үнэн. Домогт үнэн бий. Үнэнд домог бий гэж хэлэхдээ дуртай. Бидний өнөөгийн домог гэж үзээд байгаа нь үнэн болж таараад байна. Социализмын үед домог бол худал юм, уран сайхны зохиол юм, санаанаасаа зохиосон юм гэдэг үзэлтэй байсан. Одоо бол дэлхийд ингэж үзэхээ больсон. Яахав зарим нь тийм байж болно. Гэхдээ түүхийн холбогдолтой тохиолдолд үнэн болж таарч байна. Монголчууд амаараа үр хүүхдэдээ түүхээ ярьж үлдээдэг байсан. Түүх нь явсаар домог гэж нэрлэгдэхүйц холдчихсон. Тэгэхээр бид домгоо түүхэн талаас нь судалбал үнэн болж таараад байгаа. Дэлхийн эрдэмтэд ингэж судлаад батлаад байна. Бид ингэх л хэрэгтэй.
-Домог гээд ярихаар өөрсдийгөө боловсролтой, гадаадад сурч ирсэн гэх залуус эсэргүүцдэг?
-Монголын соёл гэж байхгүй гэж ярьж байгаа залуусыг сонссон. Тэд соёлоо мэдэхгүй байна. Монголын эртний соёлыг мэдэхгүй байна, түүхийг судлахгүй байна. Гадаадынхны нүдээр өөрийгөө харж байна. Тэгээд өөрийгөө хамт доромжлуулчхаад явж байгаа нь үнэхээр хөөрхийлөлтэй, харамсалтай.
-Эсэргүүцдэг ч, нөгөө талд ийм төрлийн зүйлийг сонирхдог, дэмждэг залуус байгаа болов уу?
-Байна байна. Өөр гарагийнхан Монголд ирж байсан гэдгийг хадны зургийг судалж ном бичсэн. Одоо хоёр дахь номоо биччихээд байна. Ковидын өмнөхөн болон ковидын үеэр хоёр подкастад орж ярилцлага өрнүүлсэн. Тэгэхэд залуус ийм зүйлийн талаар гадаадын ном, зохиолоос уншдаг юм байна. Үнэн байж магадгүй гэж боддог юм байна. Залуус ийм байхад зарим эрдэмтэд социализмын үеийн үзэл баримтлалаа барьсаар байна.
-Залуу сэтгүүлчдэд хандаж юу хэлэх вэ?
-Монгол хэлний найруулга гэдэг журамтай, ёстой юм байдаг. Тэрнийг мэдэхгүй байна. Хүн ойлгогдохгүй юм тавьж байна. Нэг уншаад шууд ойлгохоор байх хэрэгтэй. Би хоёр, гурав уншаад ойлгохгүй байгаа юм. Б.Ринчен багш “бүдүүн өвс багтахгүй” гэж хэлсэн шүү дээ. Бүдүүн өвс багтахгүйгээр найруулах хэрэгтэй. Тэгээд зоригтой байх хэрэгтэй. Бодсон, санаснаа чөлөөтэй хэлдэг, шахалт хавчилтаас айхгүй байх ёстой. Зарим хүмүүс өөр хүний хэлснээр дагаж бичих, ярих явдал байна уу даа гэж дотроо харамсдаг. Хүний эрхшээлд орж бичнэ гэж сэтгүүлчид байж болдоггүй. Сэтгүүлч өөрийнхөө бодсоныг өөрөө бичдэг, бичсэнээ өөрөө хариуцдаг, даадаг ийм замаар манай сэтгүүл зүй явах ёстой.
-Судалгааныхаа хажуугаар цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа.
Э.МИШЭЭЛ