П.Ганцэцэг: Архи сайн даадаг болох нь ДОНТОХ ӨВЧНИЙ II ҮЕ ШАТ
АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор П.Ганцэцэгтэй архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээ, архинд донтох эмгэгийн талаар ярилцлаа.
-Монголчуудын согтууруулах ундааны хэрэглээ өндөр гэж ярьдаг. Архи, согтууруулах ундааг ямар хэмжээгээр хэрэглэвэл зохистой хэрэглээ гэж үздэг вэ?
-Ямар ч төрлийн согтууруулах ундаанд этанол гэх бодис агуулагддаг. Үүнийг нэг удаагийн хэрэглээндээ арван граммаас хэтрүүлэх нь биед хортой гэж үздэг. Арван грамм этанол хэрэглэсан тохиолдолд хүний элэг 24 цаг тасралтгүй ажилласны дараа эрүүлждэг. Тиймээс стандарт хэрэглээг долоо хоногт гурван хундага гэж тооцдог. Түүнээс хэтэрвэл сөрөг үр дагавартай.
–Согтууруулах ундааг зохистой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл хүний эрхтэн систем хэрхэн гэмтдэг юм бэ?
–Нэг удаагийн хэрэглээндээ 30 грамм архи уух нь стандарт хэрэглээ юм. Үүнээс хэтрүүлбэл тархины тэнцвэрт байдал алдагдаж, хөөрөлтийн үед очдог. Бүр цаашлаад тасартлаа уувал тархины сэрэл саатлын процесс давамгайлж, хүнд уурлах, гуниглах, бухимдах гэх мэт сэтгэл санааны шинж тэмдэгүүд гарч эхэлдэг. Нөгөө талаар тархины эд эс саатлын байдалд ордог. Үүнтэй холбоотой тухайн болсон процессийг мартах тохиолдлоор илэрдэг. Их хэмжээгээр хэрэглэсэн үед судаснаас эхлээд бүх эд эрхтэнд нөлөө үзүүлдэг. Эдгээрээс хамгийн их ачаалладаг эрхтэн нь элэг юм. Нэг хундага архи уухад хүний биений онцлогоос хамааран 24-48 цаг тасралтгүй ажилладаг атал тасартлаа уусан үед элэг магадгүй бүтэн сарын хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, этанол хэмээх бодисыг задалж, хүний биенээс цэвэрлэж байдаг. Мөн B1, B6 буюу тархины гол хоол тэжээл болох бодисуудыг дарангуйлдаг. Үүнээс болж тэнэглэл үүсдэг.
– Элэгний үйл ажиллагаанаас хамаарч хүмүүсийн архи шингээх чадвар өөр гэж ойлгож болох уу?
– Хүний биед премэнт хэмээх этанолыг задалдаг бодис байдаг. Үүний агуулагдах хэмжээ нь үндэстнүүдийн хувьд янз бүр байдаг. Манай монголчуудын хувьд энэ премэнт харьцангуй бага байдаг. Тийм болохоор европчуудтай өөрсдийгөө харьцуулж, тэдний хэмжээнд ууна гэвэл илүү амархан согтож, хордоно.
Мөн хувь хүний хувьд удамшлын онцлог байж болно. Хамгийн чухал нь сэтгэл зүйн эрүүл мэндээс хамаарч хурдан согтох нэг шалтгаан байх боломжтой. Мөн архи, шар айраг, дарс зэргийг хольж ууснаар этанолын хэмжээ ихэсч эд эс хордохоос гадна, шартах хам шинж, хордлого гүнзгийрдэг.
– Согтохгүйн тулд нүүрсэн эм болон бусад өөр төрлийн эм хэрэглэх нь зөв үү?
– Нүүрсэн эм буюу карболын нь модны нүүрс учраас хорт бодисыг өөртөө тодорхой хэмжээгээр шингээж буй үзэгдэл. Хортой зүйл биш. Өөр төрлийн янз бүрийн эм хэрэглэх нь тодорхой хэмжээний хор нөлөө үзүүлж болзошгүй. Зайлшгүй уух хэрэглэх ёстой бол хэмжээндээ уугаад татгалзаж сурах ёстой.
– Архи даах чадвар ихсэх нь донтолтын нэг хэлбэр мөн үү?
– Мөн. Анх удаа архи уухад бөөлждөг. Энэ нь бие махбодид байх ёсгүй зүйл гэсний дохио буюу өөрийгөө цэвэрлэж буй биемахбодийн физиологийн процесс юм. Харин ойрхон давтамжтай хэрэглэх үед бие махбодь дасч, бөөлжихөө больдог.
Олон жил архи хэрэглэсэн хүмүүс үеийнхэндээ “Би тасардаггүй” гэж гайхуулдаг. Уучлаарай, энэ бол архинд донтох өвчний хоёрдугаар үе шат. Архи сайн дааж байснаа эргээд огцом унадаг. Би саяхан “Сүүлийн үед 0.33-т хэдэн удаа тасарч байна” гэх хүний яриа сонслоо. Энэ хүн архинд донтох өвчний гуравдугаар үе шатруу оржээ. Архийг даана гэдэг нь таний эрүүл мэндэд аюул учирсны шинж юм.
– Архинд донтсон хүмүүс архинаас гарч чадах уу?
-Тухайн хүн өөрийгөө архинд донтох өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэ хэзээ ч эмчлэгдэхгүй. Нийгэмд ихэнх нь ийм байдалтай байна. “Би архичин биш, ажлаа хэвийн хийж байна, би ажил амьдралаа аваад явж байна” гэж хэлдэг ч гурваас долоо хоног тасралтгүй ууж шартдаг байдал нь давтамжтай бол та архичин.
Та хэрвээ архи амсдаг, бага хэмжээнд ч уудаг бол та архинд донтох өвчтэй болсон байна шүү хэмээн анхааруулмаар байна. Үүнээс өмнө өөрийнхөө хэрэглээнд хяналттай байх хэрэгтэй. Эмчлэхийн тулд хамгийн чухал зүйл нь сэтгэлзүй. Архинд донтсон хүмүүсийг гэр бүлийнхэн нь эмнэлэгт авч ирдэг. Гэтэл өөрийгөө хүлээн хүлээн зөвшөөрөөгүй хүнд ямар ч эмчилгээ үр дүнгүй. Магадгүй эргээд их хэмжээгээр хэрэглэвэл амь насанд ч аюултай.
Ярилцсанд баярлалаа.
Т.НОМИН