Г.Очбаяр: Улаанбаатар зочид буудлын шинэ архитектор Б.Чимэдийн оюуны бүтээлийг үл хүндэтгэсэн хэрэг
Нийслэлийн барилга байгууламж, хот төлөвлөлтийн талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын Нийслэл ер нь ямар хэв загварын хот вэ?
-Нийслэл хот маань 380 гаруй жилийн түүхтэй. Түүхийнхээ явцад Богдын хүрээ, социолист Улаанбаатар, шинэ Улаанбаатар гэсэн гурван гурван өөр хотын хэв шинжээр хөгжиж ирсэн. Өнөөдөр бид шинэ Улаанбаатар хотоос Богдын болон социалист хотын улс мөрийг харах боломжтой. Харамсалтай нь хотоо бид барьж байгуулахдаа өмнөх хотоо буулгаж байгаад шинээр хот барьсан. 1940-өөд гэхэд Богдын хүрээг үндсэндээ буулгасан. Өнөөдөр хуучин хотоос ердөө 24 ширхэг байгууламж үлдсэн. Үүнээс 7 сүм хийд, 14 барилга, 3 хөшөө, ингээд л бол оо. Нэг ч гудамж үлдэж чадаагүй. Тэгэхээр хотын дурсамж, ой санамж бидэнд маш бага байдаг гэсэн үг. Уг нь Богдын хүрээг хамгийн урт удаан хугацаанд буюу I Богд Жавзандамба эхлээд VIII Богджавзандамба хүртэл буюу 1639-1921 оны хооронд байгуулсан. Энэ бол шашны хот байсан. Дараа нь бид социолист хотоо 1921 оноос эхлээд Сүхбаатарын талбайг хотын төвөө болгон төлөвлөж байгуулж эхэлсэн. Түүнийгээ тойроод төр захиргаа, соёл урлаг, сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд хүнд хэрэгтэй гэсэн байгууллагууд баригдаж эхэлсэн. Энэ үйл явц 1990 оныг хүртэл үргэлжилсэн. Ингэж байгуулахдаа ерөөсөө монгол хүндээ зориулж байсан. Мэдээж хотоо босгоход ганцаараа байгаагүй. Зөвлөлт, Хятад, бас тухайн үеийн социалист орнуудын тусламжаар байгуулсан ч гол үүргийг бид гүйцэтгэсэн. Социалист системийн дараагаас 1990 оноос эхлээд бид ардчилсан нийгэм рүү шилжсэн. Эрх чөлөө гэдэг ойлголтон дор шинэ хотоо байгуулах шаардлага гарсан. Үүнийг ёжлоод хэлэх юм бол “шилэн Улаанбаатар” гэж хэлж болно. Энэ шилэн хотыг байгуулахдаа яасан бэ гэхээр Богдын хүрээгээ буулгаж социалист Улаанбаатар хотыг байгуулсан бол 1990 оноос эхэлсэн шилэн Улаанбаатар хотоо байгуулахын тулд социалист Улаанбаатар хотынхоо дээр нь шилэн Улааанбаатар буюу шинэ Улаанбаатар хотыг байгуулж байна.
– Ингэж шинэчлэгдэх нь сайн зүйл юм уу, саар зүйл юм уу?
-Энэ бол муу үйл явц. Бид өөрсдийнхөө гараар бүтээсэн зүйлээ өөрсдийнхөө гараар устгаад дахиад шинэ юм бариад байна. Тэгэхээр соёл гэж юу юм, үндэсний дархлаа гэж юу юм, оюун санаа гэж юу юм, амин сүнс гэж юу юм гэдэг асуултууд гарч ирж байгаа. Цаг хугацаа өнгөрч байгаа учраас шинэ юм гарч ирнэ. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ түүхийн туршид шалгараад үлдчихсэн үнэт зүйлийг дараа үедээ дамжуулах үүрэгтэй. Европ, Япон, Солонгосыг хараад үзье. Бүхэл бүтэн соёлоо дараа үедээ үлдээгээд бид өмнө нь ийм байсан юм аа гээд хойч үедээ төдийгүй хүн төрөлхтөнд харуулж байна. Юу гэсэн үг вэ гэхээр бид гэж хэн юм бэ гэсэн асуултад хариулт өгч байгаа юм. Тэгтэл бид мэднэ. Хархорин хотоо устгачихсан. Бид хэрвээ эртний нийслэлдээ очвол байсан юм билээ гэж ярихаас өөр биет нэг ширхэг шон ч үлдээгүй. Хэрэв байсан бол хараад, барьж үзээд, ийм хэлбэр дүрстэй байж гээд тухайн цаг үеийн хүмүүсийн оюуны бүтээлтэй танцилахаас гадна тухайн үеийн хүмүүс юу ярих бол, жишээ нь энэ хана юу өгүүлэх бол гэдэг төсөөлөл бий болно. Танин мэдэхүй, соёлын дархлаа гэдгээс гадна эдийн засаг, аялал жуулчла гээд олон талын ач холбогдолтой.
-Тэгэхээр хотоо тэр чигт нь авч үлдэнэ гэсэн үг үү?
-Хуучин хотоо бүгдийг нь аваад үлдэнэ гэсэн үг биш. Мэдээж тэнд хүн амьдарна, цаг үеийнхээ шаардлагыг хангахгүй болж болно. Тэр зүйлийг шинэчлэх, буулгах, шинээр барих ажил гарна. Тэгтэл бид тэгээгүй, устгачихъя, шинэ хот барьчихъя гэсэн. Улаанбаатар хотыг 380 жилийн түүхтэй гээд байгаа. Гэтэл бидэнд 380 жилийн түүхтэй юу байгаа юм бэ, гэдэг асуулт гарч ирнэ. Улаанбаатар хотын хамгийн эртний барилга бол XVIII зуунд хамаарагдана. Тэрнээс өмнөх барилга байгууламж байхгүй гэсэн үг. Сая 2019 онд XIX зуунд хамаарагдах ганц үлдсэн европ загварын байшинг нураачихлаа. Одоо зөвхөн XX зуунд хамаарах барилга байгууламжууд үлдсэн.
-Асуудал нь юундаа байгаа вэ?
-Асуудал дахин төлөвлөлтөд байна. Дахин төлөвлөлтийн механизм яаж яваад байгаа вэ гэхээр 3, 4 давхар барилгыг нураагаад 9, 12, 16 давхар болгоод байгаа. Жишээ нь, би 40 мянгатын дөрвөн давхар байранд амьдарч байлаа гэж бодоход тэр байр нь шаардлага хангахгүй боллоо гэвэл тухайн байрыг буулгах уу, хүчитгэх үү, сэргээн засах ёстой юу гэдгээ маш тодорхой судална. Тэгж дараагийн алхмыг хийнэ. Түүнээс бидний зорилго бол байшинг буулгаад шинээр барих бол бараг биш шүү дээ. Яаж хугацааг нь уртасгах вэ гэдэг нь чухал. Гэтэл компаниуд ашиг хийхийн тулд өндөр барилга барьж ашиг олохыг хүсдэг. Нөгөө талд иргэд хуучирсан байраа шинэ болгож амьдрахыг хүсдэг. Гэтэл Улаанбаатар хот, бусад иргэдэд ашиггүй. 40 мянгатыг босгохдоо яг л тийм тооны хүмүүс амьдрахад таатай байхаар бодолцсон. Бид хүчитгэх, сэргээн завсарлах аргад суралцаагүй байна. Бид зөвхөн буулгаад шинээр барих гэсэн аргатай байна. Нэхмэлийн шар гэхэд л ямар гоё орон зайтай байлаа тэгсэн одоо дандаа 12, 16 давхар барилгууд, хүн тэнд амьдрах хэцүү болсон. Үүний дараа 120 мянгат, 220 мянгат ийм болно. Яагаад хотын захиргаа, тэнд амьдарч байгаа иргэд болон бусад хотын оршин суугчид хэн хэндээ ашигтай байдлаар хийж болохгүй гэж. Тооцоо, судалгаа дутмаг байна.
-Хот төлөвлөлтийн мэргэжилтэн бэлдэж байна уу?
-Монгол Улс хот төлөвлөлтийн мэргэжилтэн бэлдэхгүй байгаа. МУИС-д хот тохижилтын анги гэж байгаад одоо газар зохион байгуулалт тал руугаа болчихсон. Хүмүүс хот төлөвлөлтийн анги гэж үздэггүй юм билээ. Хотыг тэгэхээр хэн төлөвлөөд явж байгаа вэ гэвэл нэгдүгээрт дарга нар, хоёрдугаарт тэд нарын амаар хотыг зурж, төлөвлөөд явж байгаа архитекторчид. Ингэхээр тогтолцоо буруу яваад байна. Миний сонссоноор ШУТИС-д солонгосчуудын тусламжтай хот төлөвлөлтийн анги нээх гэж байгаа гэсэн. Хэрэв бий болбол сайн хэрэг ч үр нөлөөг нь үзэх гэж нэлээд олон жил зарцуулна. Одоо Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хэдэн хот төлөвлөлтийн мэргэжилтэн байгааг хэлж мэдэхгүй байна. Ер нь байгаа юм уу, байхгүй юм уу. Хот төлөвлөлтөөр ер нь дандаа гадаадад төгссөн хүмүүс байгаа. Маш цөөхөн. Тэр хүмүүсийг Нийслэл тоодоггүй, зөвлөгөөг нь авдаггүй. Бодоод үзье, Яармаг, Морингийн даваа, Сонсголон гэх мэт газруудад дэд бүтэц бий болгох гэж байнаа гээд сая танилцуулаад байгаа биз дээ. Гэтэл үүнийхээ талаар эхлээд мэргэжлийн хүмүүсээ хамруулсан хурал зохион байгуулсаныг ерөөсөө сонсож байгаагүй. Би Нийслэлд ажилладаг төрийн албан хаагч шүү дээ. Очиж суумаар байна. Бидний амьдарч байгаа хотын хувь заяаг шийдэх гээд байна. Гэтэл нэг ч удаа тийм хурал болж байгаагүй. Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлнэ гээд төлөвлөөд яваад байна. Яг мэргэжилтнүүдийнхээ хүрээнд ийм хурал зохион байгуулсныг сонсож байгаагүй. Тэгэхээр бид нар нуудаг, хав дардаг, тэгээд гэнэт нэг юм гаргаж ирж ярьдаг. Жишээ нь, Сонсголонг гэнэт гаргаж ирээд ярихаар нь юу гэж бодсон бэ гэхээр Улаанбаатар хот маань Сонсголон гэдэг түгжрэлтэй газар болох юм байна гэж бодсон. Бид төлөвлөж чадахгүй байна.
-Хэдий түүхэн барилгуудаа хадгалж авч үлдэж чадахгүй байгаа ч гэсэн Улаанбаатар зочид буудал зэрэг барилгаа авч үлдэж чадаж байх шиг. Улаанбаатар зочид буудлын шинэ гадна өнгө төрхийг хараад анх ямар онцгүй болж байна вэ гэсэн бодол төрсөн. Сая хажуугаар явж өнгөрөхөд харин ч давгүй болчихсон юм биш үү гэж бодогдсон?
-Улаанбаатар зочид буудал бол Монголын анхны архитекторч Б.Чимэдийн бүтээл. Монголд неокласизмын үе Драмын театр баригдсанаар 1960 онд Монголд дуусгавар болсон. 1945 оноос эхэлсэн энэ үе маш гоё барилгуудтай ансамбль болсон. Дараагийн үе нь ямар болсон бэ гэхээр энгийн хийцтэй, модернизмын төлөөлөл болох Улаанбаатар зочид буудал, Урт цагаан, 40 мянгат зэрэг барилгууд баригдаж эхэлсэн. Тэр дундаа Улаанбаатар зочид буудлын барилга бол сүм хийдийг орчин үеийн загварт буулгасан маш гоё барилга. Тухайн үедээ шагнал авч байсан. Урдаас нь харах юм бол сүмийн хоёр асартай, хуваалт нь сүмтэй адилхан хийсэн гэдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй. Саяхан Улаанбаатар зочид буудлынхан ёс зүйн хувьд алдаатай гэх үү, буруу жишгийг гаргаж ирлээ. Модернизмын үеийн барилгыг неокласизмын үеийн чимэглэлээр чимгэлчихэж байгаа юм. Хүний оюуны бүтээлийг ингэж оролдож болохгүй. Энд хувь байна уу, улс байна уу хамаагүй, Б.Чимэд гээд хүний оюуны бүтээл шүү дээ. Энэ архитекторыг хийсэн хүн үнэхээр юм мэдэхгүй байна уу, эсвэл мөнгөний төлөө ингэсэн үү, ойлгохгүй байгаа.
Улаанбаатар зочид буудал /1965/
Шинэ Улаанбаатар зочид буудал
-Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа
Э.МИШЭЭЛ