|

Эвлэлдэн нэгдэх эрхийн тухай

Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлэгт 19 дүгээр зүйлийг 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн юм.

1. Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
2. Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт,ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

Гэсэн заалттай байсан уг төсөлд тухайн үеийн Ерөнхийлөгчийн санаачилга, чармайлтаар “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт нэмэгдэж орсон юм. Энэ бол монголчууд ардчилсан Үндсэн хуульдаа намын тухай оруулж ирсэн анхны тохиолдол бөгөөд ихээхэн асуудал дагуулж, жижиг намууд хийгээд иргэдээс олон тооны шүүмжлэл сонсож эхлэв. Өмнө нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д зааснаар намыг 801 хүний гарын үсэг цуглуулсан бол нам байгуулах эрхтэй байсан.

НАМЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ БОСГО

Гурван сая гаруй хүнтэй Монгол Улсад өнөөдөр улс төрийн 36 намтай. Харин засгийн эрх мэдлийн төлөө сонгуульд “жинхэнээсээ өрсөлддөг” намыг тоол гэвэл гарын таван хуруу хэтэрхий ихэднэ. Нийгэмд нэр, нөлөө муутай, үзэл баримтлал нь тодорхойгүй, “нэг хүний” гэгдэх намууд хэтэрхий олон. “Хонх”- ын С.Цогтсайхан нэгэнтээ “801-үүлээ нийлж нам болж тоглох уу” гэдэг нийтлэл бичиж байв. Үнэхээр ч 801 хүн цуглуулж гарын үсэг зуруулаад л “намтай болчих” боломж нь хэтэрхий амархан юм даа гэх үзэл манай нийгэмд бий.

Анхны зорилгоо “дээрх босгыг тавьснаар хүн амын тоондоо ахадсан хэтэрхий олон жижиг намууд цөөрч, үнэхээр улс орны хэмжээний бодлого дэвшүүлдэг институц болон хөгжиж чадах нь үлдэх” гэж тодорхойлж байсан. Гэвч өнөөдөр Монгол Улсад сонгуулийн насны 2.1 сая иргэн аж төрдөг. Үүний нэг хувь нь 21 мянга болно.

Цаашид нам байгуулах төдийгүй, өдгөө үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй нийт намууд ч 2028 оны 1 дүгээр 01-ний өдрөөс энэ шаардлагыг хангах үүрэгтэй болно. Энэ нь маш өндөр даваа тул МАН, АН гэсэн хоёр намаас бусад нь улс төрийн тавцанд үлдэх эсэх асуудал яригдах, улмаар Үндсэн хуульд заагдсан “эвлэлдэн нэгдэх эрх”-ийг хөндсөн байж болзошгүй асуудлууд яригдаж эхэлсэн юм. Иймээс энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангаж, тэгш байдлыг хангах зорилтын хүрээнд энэхүү 19.2 дахь буюу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэснийг хасах санал тусгагджээ.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments