Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан 03 сарын 15-ны өдөр нийслэлийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдлаа.
Уг хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, 9 дүүргийн засаг дарга нар, дүүргийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга нар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Хотын стандарт хяналтын газар, Баянзүрх дүүргийн Хүүхдийн элч А.Амаржин, Нийслэлийн Хүүхдийн холбооны нарийн бичгийн дарга О.Шинэтунгалаг, Онол арга ТББ байгууллагын Тэргүүн Х.Тунгалагмаа, судлаач М.Мөнхжаргал, Э.Намжилмаа, Нийгмийн ажлын доктор Phd Я.Байгалмаа гэсэн бүрэлдэхүүнтэй хуралдлаа.
Хурлаар 2 төрлийн судалгаа, тайлангийн дүгнэлтийг хэлэлцүүлсэн.
Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/145 тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгааллын статистик үзүүлэлт тооцох аргачлалын дагуу хүүхдийн 129 үзүүлэлтээр 2020 оны хүүхдийн байдлыг харуулсан тоон судалгаанд дүн шинжилгээ хийсэн тайланг танилцуулсан. Тайлан Хүүхдийн боловсрол, Хүүхдийн эрүүл мэнд, Хүүхдийн аж байдал, Хүүхдийн нийгмийн хамгаалал, Хүүхдийн өсөн хүмүүжиж байгаа орчин гэсэн агуулгын хүрээнд 5 бүлгийн тоон үзүүлэлтээс хүүхдийн өмнө хамгийн их тулгамдаж буй үзүүлэлтүүдийг танилцуулсан.
Анхаарал татсан үзүүлэлтүүдээс дурдвал 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд СӨБ-д 641 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдсаны 233 эмэгтэй, 408 эрэгтэй хүүхэд байгаа бөгөөд 495 нь төрөлхийн, 146 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны байдлаар 392 хичээлийн байр байгаагаас 51 стандарт бус, 62 түрээсийн байранд, 242 спорт заалтай, 174 нь урлагийн заалтай байна. Нийслэлийн хэмжээнд 2020 оны байдлаар 558 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ үзүүлэлт 2016 оноос 33, 2019 оноос 91 хүүхдээр буурчээ.
Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь авч үзэхэд хөдөлгөөний бэрхшээлтэй 177, аутизмтай 130, дауны хам шинжтэй 176 хүүхэд байгаа нь хамгийн олон байна.
Мөн Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Онол арга ТББ хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй орчин” өөрийн буюу хүүхэд багачуудаар үнэлүүлсэн үнэлгээний тайланг танилцууллаа.
Тус үнэлгээгээр 5 бүлгийн орчны үнэлгээнд хүүхдүүд өөрийн амьдарч байгаа орчин тойрноо үнэлсэн бөгөөд үнэлгээний дүн 59% буюу хүүхдэд ээлтэй байдал дунд гэж үнэлэгдсэн. Үнэлгээний үр дүнг үзүүлэлт бүрээр танилцуулж хүүхдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг танилцуулсан.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулсан “Нэгдүгээрт шалга” аяны явцын талаар танилцууллаа. Аяны хүрээнд Нийслэлийн төр захиргааны 112 байгууллага оролцож эхний байдлаар 51 байгууллага мэдээллээ ирүүлж, 5 төрлийн 65 удаагийн зөрчлийг илрүүлэн ажилласан байна.
Хүүхдийн байдал 2020 тайлан, Хүүхдэд ээлтэй орчин хүүхдийн өөрийн үнэлгээ, Нэгдүгээрт шалга арга хэмжээнүүдийн үр дүнд үндэслэн Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдалд салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбар бүрд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоол гарган байгууллагуудад чиглэл хүргүүллээ.
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *