Аж үйлдвэрийн сэргэлт Эрдэнэт үйлдвэрээс эхлэн эрчимжлээ

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх ажлыг Эрдэнэт үйлдвэр эхлүүллээ. Монголын уул уурхайн анхдагч, жишиг үйлдвэр төдийгүй хөгжлийн түүчээ нь болж ирсэн Эрдэнэт үйлдвэрт шинэ сэргэлтийн бодлого илүү тод тусгалаа олохоор харагдаж байна. Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулахаар тусгасан Шинэ сэргэлтийн бодлогын аж үйлдвэржилтийн цөм нь зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн үйл ажиллагаатай яв цав нийцэж, илүү боломжийг нээж, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Тийм ч учраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумыг санаачлан  зохион байгуулж, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр, их бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалт, худалдан авалт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэл, нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн баасан гарагт болсон энэхүү форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Авилгатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон төр, хувийн хэвшлийн 300 орчим төлөөлөл оролцсон юм.

 

   Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 44 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Хоногт 90 мянган тонн хүдэр боловсруулж, 8.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 3.3 тэрбум төгрөг төвлөрүүлэн 24 цаг хором ч зогсолгүй баялаг бүтээдэг. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн үр ашиг өсөн нэмэгдсэнээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3 хувийг, төсөвт төвлөрүүлж буй орлогын 8.3 хувийг, уул уурхай, олборлолтын салбарын 26.0 хувийг бүрдүүлэх боллоо. Цар тахлын хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Засгийн газрын “онцгой даалгавар” биелүүлэн зогсох эрхгүй, амрах чөлөөгүй ажиллан айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг хариуцан нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийснийг иргэн бүр мэдэж, талархаж байгааг энэ үеэр онцолсон. Газрын хэвлийн баялаг, Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөж Монгол өрх бүрд тэгш хүртсэн 2021 онд зууны манлай үйлдвэр мөн түүхэндээ хамгийн өндөр буюу 1.2 их наяд төгрөг улсад төвлөрүүлсэн. Хилийн хориг саадтай, ачаа эргэлт удааширсан цар тахлын амаргүй нөхцөлд үйлдвэрлэлээ сааруулахгүйгээр, бүр ийм амжилттай ажиллана гэдэг хамт олны хөдөлмөр зохион байгуулалт сайн, сахилга бат өндөр, эв нэгдэлтэй байгааг илтгэж буй хэрэг. Сайн үзүүлэлт, сайхан дүр зургийн нөгөө талд уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн хатуулаг нэмэгдэн, зэсийн агуулга буурч байна. Үүний эсрэг, эцсийн бүтээгдэхүүний гарцыг хадгалах, нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг цаг хугацаатай уралдан хэрэгжүүлж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулсан юм.

 

Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрлийг олгосон нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Зэс боловсруулах үйлдвэрийг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж байгуулах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд гаднын компанитай хамтарсан судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилтууд амжилттай явагдаж байна. Эрдэнэт үйлдвэр 2022-2026 онд хөгжлийн энэ мэт том төслүүдээ хэрэгжүүлэхэд хоёр тэрбум орчим ам.доллар шаардлагатай. Үүний 50 хувийг өөрийн хөрөнгөөр хийнэ. Үлдэх хэсгийг стратегийн хөрөнгө оруулагч татах замаар шийдэх боломжтойг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр-өнөөдөр-маргааш” илтгэлдээ дурдсан. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр өндөр үнэлэмжтэй, эцсийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд худалдана. Өөрөөр хэлбэл баяжмал биш металл экспортод гаргадаг болно. Тэр хэрээр Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Үүнийг дагаж аж үйлдвэржилт сэргэх учиртай.

УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:

 -Шинэ сэргэлтийн бодлого нь хилийн боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан зорилтод чиглэн хэрэгжиж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх юм. Бодлогыг арван жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ. Үүний тулд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын их гарааны өмнө Эрдэнэт үйлдвэр аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх форум зохион байгуулж байгаад талархаж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах, Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон түүхий эд татан авах дэд төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах гээд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлоод байна.

 

     Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжсэнээр боомтын хүчин чадал 3 дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин, Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэхээс гадна 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл татарч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана, гэж бодлого тодорхойлогчид үзэж байна. Үүний тулд зарим хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатайг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго илтгэлдээ дурдлаа. УИХ-ын хаврын чуулганаар эхний ээлжинд найман хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин тогтвортой, бас ойлгомжтой, тодорхой байх шаардлагатай. Мөн татварын болон татварын бус ямар дэмжлэгүүд байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдаж байгааг ч тэр нэмж мэдээллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга  Б.ЭЛБЭГЗАЯА:

 

   -Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих 94 төсөл 110 их наяд төгрөгийн худалдан авалт дээр тендер өөрөө гацаагч байж болохгүй. Төслүүд ил тод, нээлттэй байх ёстой. Хөгжлийн төслүүдийн худалдан авалтыг онцгой журмаар зохион байгуулна. Тендерт оролцогчдын санхүүгийн дарамтыг бууруулж, мөнгөн урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Цар тахлаас болоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа буурсан. Иймээс баталгаажсан санхүүгийн тайлан байхгүй. Борлуулалт тэр хэмжээгээр буурсан. Энэ асуудлыг шийдэх зохицуулалт хуулинд орж байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд гурван онцгой журам бий. Эхнийх нь хязгаарлагдмал тендер шалгаруулалт, харьцуулалт, дараагийнх нь гэрээ шууд байгуулах. Үүн дээр хэлэлцээр хийж гэрээ байгуулах арга нэмэгдэж байгаа. Хөгжлийн том төслүүдэд нийтлэг бэрхшээл бий. Техник, технологийн шийдэл, хэрэгжих хугацаа, цар хүрээ нь эцэслэн боловсруулагдсан төсөл цөөхөн. Тэгэхээр хөгжлийн төслүүдээ нийтэд зарлана. Аж ахуйн нэгжүүд сонирхож байгаа төслөө судлаад, оролцох боломжтой. Тухайн төсөлд ямар шалгуур тавих юм, ямар технологиор, хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдгийг Монгол улсад нэвтрэх хамгийн боломжтой, бүрэн хүчин чадалтай үндэсний хэмжээний компаниудтай хамтран хэлэлцээрийн үндсэн дээр тендерийн баримт бичиг, техникийн шаардлага, тодорхойлолтоо эцэслэн боловсруулаад явах юм. Нээлттэй тендер шалгаруулалтаас хугацааны хувьд богино, ил тод, илүү өрсөлдөөнтэй байх болно.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ахлах комиссар Ч.ЖАРГАЛБААТАР:

 

 -Өрсөлдөөнийг дэмжиж нээлттэй байдлыг бий болгох нь чухал. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үндсэн зарчмыг ягштал баримтлах ёстой. Ингэж гэмээнэ аль аль талдаа ашигтай, зүй зохистой, шударга ёс аяндаа тогтоно. Нээлттэй бус байдлаас үүдэлтэй хардлага бий болдог. Хардлагын цаана авилга, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргүүд үйлдэгдэж байдаг.    Олон нийтийн оролцоо, мэдээллийн нээлттэй байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт, хариуцлагын асуудал өндөр хэмжээнд яригдана. Хэрэгцээ шаардлагаа оновчтой, зөв тодорхойлох нь чухал. Шударга тендерээр чанартай бараа худалдан авахад хуулийн зорилго биелнэ. Зорилгыг зориудаар үгүйсгэдэг, дараа нь чанаргүй бараа байсан шүү дээ гэх буруутгал яриад тендерийн тухай хуульд бүхнийг нялзаадаг байдал цэгцрэх ёстой. Сүүлийн үед иргэний хяналт, төрийн байгууллагын хяналтууд сайжирч байгаа. Нээлттэй байдал гэдэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй юм шүү. Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Шинэ сэргэлтийн бодлогыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан нарийвчлан тодорхойлоход Орхон аймаг түүчээлэн оролцож “Шинэ сэргэлтийн бодлого – Орон нутагт” бүсийн зөвлөгөөнийг ирэх сард зохион байгуулахаа Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал форумын үеэр мэдэгдсэн. Форумд оролцогчид шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх чиг баримжаагаа тодорхойлж, уриалга гаргасан юм.

 

     Уулын баяжуулах үйлдвэр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллахын үндэс нь нөөц баялаг. Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд эрдэс баялгийн нөөц өсгөх хайгуулын ажлаа эрчимжүүлж, 30 орчим сая ам.доллар зарцуулсаны үр дүнд цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг нээсэн. Мөн тэр хэмжээгээр үйлдвэрийн үнэ цэн улам нэмэгдсээр… Шинэ сэргэлтийн бодлого Эрдэнэт үйлдвэрт тусгалаа олж хөгжлийн том төслүүд хэрэгжсэнээр өнгөрсөн онд 3.1 их наяд төгрөг байсан борлуулалтын орлого 2025 онд 5 их наяд, 2028 онд 12 их наяд төгрөг болж өснө. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж, Монголын аж үйлдвэржилтийн сэргэлт Эрдэнэт үйлдвэрээс эхлэн эрчимжих нь дамжиггүй ээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *