“Иргэн, аж ахуйн нэгж 14 хоногийн дотор зөрчлөө шийдвэрлэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулна”
ХЗДХЯ-аас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар : “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил болж байна. Тус хуулиар өнөөдрийг хүртэл 8 сая гаруй шийтгэл оногдуулжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байгаа юм. Дээрх 8 сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлж байна.
Улаанбаатар хот хамгийн ихдээ 80 мянган авто машинтай байх ерөнхий төлөвлөгөөтэй. Гэтэл өнөөдөр 620 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрэм журмын зөрчил нэмэгдэж байна” хэмээн хэллээ.
Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлах болсон шалтгааныг хэлэхдээ “Бид төрийн хяналт шалгалтыг төр шалган тусалж, зөвлөн сануулдаг хэлбэр рүү орохын тулд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Ялангуяа, аж ахуйн нэгж эсвэл хувь хүн эрүүл ахуй болон бусад стандарт дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд шууд торгохоос илүүтэй тодорхой хугацааг өгч, зөрчил дутагдлыг өөрсдөөр нь арилгуулдаг тогтолцоо руу шилжиж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд сануулж болдоггүй зөрчил байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Шинэ хуульд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж 14 хоногийн дотор зөрчлөө шийдвэрлэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулахаар тусгаж өгсөн.
Монгол Улсад хариуцлагын тогтолцоо ромбо хэлбэртэй байгаа. Энэхүү ромбо дүрсийн цүлхийсэн хэсэг дээр манай улсын төрийн хяналт шалгалтын тогтолцоо оршиж байна. Гэтэл нийт эзлэхүүний хамгийн бага талбай төрийн хяналт шалгалтад оршдог. Харин ромбын дээрх хурц өнцөгт Эрүүгийн хариуцлагын тогтолцоо байна. Тиймээс ч хариуцлагын нэгдсэн тогтолцооны зөв бүтэц систем алдагджээ хэмээн дүгнэхэд хүрч байгаа юм” хэмээжээ.