Уилл Смит өмнө нь халзан эрэгтэйг шоолж байжээ
Академийн шагнал гардуулах ёслолын дундуур жүжигчин Уилл Смит эхнэрийнх нь талаар хошигносон Крис Рокыг алгадсан дуулиантай явдал гарсан. Уилл Смитын эхнэр Жэйда Смит “Alopecia” буюу үс унах өвчинтэй бөгөөд үүний улмаас үсээ хуссан байжээ. Жэйдагийн үсээ хуссан байдлын талаар Крис Рок хошигноход Уилл тэвчээр алдан түүнийг алгадсан боловч дараа нь тэрбээр уучлал гуйсан юм.
Тэгвэл жүжигчин Уилл Смитын 1991 онд халзан эрэгтэйг дооглосон бичлэг интернет дээр цацагдсан нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр 1991 онд “The Arsenio Hall Show”-д оролцохдоо “The Posse” хамтлагийн басс гитарчин Жон Б.Уильямсаар хошигножээ. Смит бичлэг дээр “Басс гитарчин нь нэг дүрэмтэй гэнэ ээ? Дүрэм нь энэ л дээ, үсээ өдөр болгон ваксдах. Энэ чинь дүрэм байхгүй юу” гэсэн аж. Түүний хэлсэн зүйлд үзэгчид эвгүй хариу үйлдэл үзүүлэхэд Смит “Алив л дээ, наргиан л байсан шүү дээ” гэсэн байна.
Тус бичлэгийг нэгэн Твиттер хэрэглэгч байршуулан “Интернет хэзээ ч мартдаггүй. Энэ нь миний интернетэд хайртай нэг шалтгаануудын нэг” гэж жиргэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ