БНСУ-ын кафе, зоогийн газруудад нэг удаагийн хуванцар эдлэл хэрэглэхийг хоригложээ
БНСУ-д өнөөдрөөс эхлэн кафе, зоогийн газруудад хуванцар аяга, хоолны хэрэгсэл гэх мэт нэг удаагийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хоригложээ. 2018 онд анх хэрэгжиж эхэлсэн Байгаль орчны яамны нэг удаагийн бүтээгдэхүүний хэрэглээг хориглох хуулийг сэргээж байгаа нь энэ юм.
“COVID-19” тахлын эхэн үед буюу 2020 оны эхээр дахин ашиглах боломжтой аяга нь халдварын эх үүсвэр байж болзошгүй гэх болгоомжлолын улмаас уг хуулийн хэрэгжилтийг түр хугацаанд зогсоогоод байжээ. Гэвч цар тахал үргэлжилсээр байгаагаас шалтгаалан хог хаягдлын хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн байна.
Энэхүү зохицуулалтын дагуу нэг удаагийн хоолны сав, хоолны хэрэгсэл, чигчлүүр, ширээний бүтээлэг зэрэг нэг удаагийн 18 нэр төрлийн бүтээгдэхүүнийг кафе, зоогийн газарт хэрэглэхийг хоригложээ. Мөн цаасан уутнаас бусад гялгар тор болон бусад нэг удаагийн уутыг үнэгүй өгөхийг хориглосон байна.
Байгаль орчны яамны мэдээлснээр, хуванцар соруул, хутгагч, цаасан аяга зэрэг хэд хэдэн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг ирэх 11 дүгээр сарын 24-нөөс хоригийн жагсаалтад орох ажээ. Журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн давтамж зэргээс хамааран торгууль ногдуулах ч цар тахлын нөхцөл байдал намжих хүртэл торгуулийн арга хэмжээ авахгүй байхаар төлөвлөж байна гэж тус яам мэдээлжээ.
А.ЭНХЖИН