Э.Баярбаясгалан: Эхнэр, нөхөр хоёр хэрэлдэхэд ч хүүхэд дам хохирогч болж байдаг

Цагдаагийн Ерөнхий газраас гаргадаг улсын хэмжээний статистик мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өндөр хэвээр байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа зогссон нь хүүхдүүд гэр бүлийн орчинд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл тойрсон асуудлаар  ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10дугаар сард гарсан 152-дугаар тогтоолоор 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч байхаар шийдвэрлэсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлснээс хойшхи  2 сарын хугацаанд ямар ахиц дэвшил гарав?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад 103 хүүхдийн мэргэжилтний орон тоо нэмэгдсэн. Энэ нь хүүхдийг гэмт хэрэг зөрчил үйлдэх болон аливаа төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Алба хаагчид энэ оны эхний нэг, хоёр сард албандаа томилогдож дууслаа. Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн харилцаа, хандлага  чухал учир шинээр  томилогдож буй хүүхдийн байцаагчдаа 2 удаагийн чадваржуулах сургалтад  хамруулсан. Дараагийн шатны ажил нь Монгол улсад эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх.

Алба хаагчид томилогдоод удаагүй байгаа тул ахиц, дэвшлийн талаар ярих нь эртэднэ. Хөл хорионы үе тул хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирсон гэмт хэрэг эхний хоёр сарын байдлаар 40-50 хувийн бууралттай байна.

-Хүүхдийн байцаагчийн тоо  103 болсон ч энэ нь хангалттай тоо биш байх. Ажлын ачааллын хувьд ямар  түвшинд байна вэ?

– Өнөөдөр Монгол улсад 1.2 сая хүүхэд өсөн торниж байна.

Энэ тоонд 103 ажилтан хэрхэн ногдож буй нь ойлгомжтой. Өмнө нь ажиллаж байсан 53 алба хаагч гэр бүлийн хүчирхийлэлтэй давхар хүүхдийн хүчирхийлэл хариуцдаг байсан.

Тэгэхээр одоо шинэ бүтцээрээ гэр бүлийн хүчирхийллийн мэргэжилтнүүдээс гадна хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд тусдаа гарч ирж байна гэсэн үг. Ингэж орон тоо бий болсноор хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралтыг бууруулах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

 Хүүхдийн байцаагчдаа чадавхижуулах  сургалтад хамруулсан гэлээ. Сургалтын агуулгын талаар мэдээлэл өгөөч. Жишээ нь  хууль тогтоомжийг яаж хэрэглэх тухай заахаас   гадна хүнлэг байх,  бэлгийн хүчирхийллийн хохирогчтой хэрхэн харилцах тал дээр ойлголт,  мэдлэг олгодог уу?

– Хүүхэд тусгай субъект учраас хэрхэн, яаж харьцах ёстой, ямар нэгэн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд,  хүүхэд гэмт хэрэгтэй холбогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэгт сургалтын агуулга чиглэдэг.

-Гэр бүлийн хүчирхийлэл статистик мэдээллээр огт буурахгүй, баяр ёслолын үеэр байнга өсөх хандлагатай байна.  Шалтгаан нь юунд байна вэ?

 -Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хоногтоо цагдаагийн байгууллагад 100-150 бүртгэгддэг. Баяр ёслол, хөл хорио тогтоогоогүй үед зарим тохиолдолд 200 дуудлага ирдэг. Эхний хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэмт хэрэг 161 бүртгэгдсэн. Улсын хэмжээнд мөн өмнөх оныхоос харвал 50 хувиар өссөн байна. Нийт 1750 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь өмнөх үеийнхээсээ буурсан үзүүлэлттэй байна.

ОУ-ын судалгаанаас харахад Ковид-19 цар тахал гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл бүх улсад нэмэгдсэн. Энэ нь мэдээж ажилгүйдэл, хөл хорионы улмаас сэтгэл санааны хямралтай холбоотой гэж үзэж байна. Тухайлбал Аргентин улсад 30 хувь, Германд 40 гэх мэт улс орон бүрт өссөн байна. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэл өсч байгаа нь иргэдийн хөршөөс ирэх мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотой. Жишээлбэл, энэ айлд  ийм зүйл болж байна хэмээх дуудлага цагдаагийн байгууллагад ирэх нь ихэссэн. Энэ нь сөрөг зүйл гэхээсээ илүү хүчирхийллийг иргэн мэдээлэлж буй нь давуу тал юм. Хүчирхийллийн хохирогч хүчирхийлэл үйлдэгчтэй нэг дор амьдарч байгаа тул холбогдох байгууллагад өөрөө мэдээлэл өгөх нь ховор байдаг.

Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа гол  шалтгаан юу байна?

-Эхний хоёр сарын байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 32 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан. Хүүхэд хохирсон гэмт хэрэг ч мөн 40 хувиар буурсан. Гэмт хэрэг зөрчил буурч байгаа үзүүлэлт нь хөл хориотой холбоотой.

Хүүхэд гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт, цахим орчны хэрэглээ, бусдын муу үлгэр дуурайллаас хэрэг зөрчилд холбогдох нь ихэсдэг.

-Хүүхдээ илтэд зодож, гэмтэл учруулахгүй ч эхнэр нөхрийн дундах хэрүүл, маргаанд хүүхдийн эрх зөрчигдөж байна шүү дээ. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцож байна вэ?

–Улсын хэмжээнд он гарснаас эхний хоёр сарын байдлаар Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн тухай хууль зөрчих хэрэг 1750 бүртгэгдсэн. Үүнээс 1400 нь бусадтай харилцахыг хязгаарласан, хүсэл зорилгынх нь эсрэг байхыг албадсан 2 үйлдэл бүртгэгдсэн байна.

Энэ нь сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэж болно. Гэхдээ хүчирхийллийн бүх хэлбэрт хүүхэд байгаа бол хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхэд бүр дам хохирогч болж байдаг. Тэгэхээр хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 7-30 хоногоор баривчилдаг. Хүүхдийг хамтарсан багт нь холбодог. Сэтгэлзүйн болон нийгмийн анхан шатны тусламжуудыг үзүүлдэг.

– Олон нийтийн сүлжээнд гэр бүлийнхээ маргаан асуудлыг дэлгэх нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ.  Жишээлбэл Дэлгэрмөрөн гэр бүлийн маргаанаа сошиалд цацсан жишээн дээр тулгуурлахад шууд лайвын  үеэр хүүхдүүд нь бичигдэж үлдсэн?  

–  Тухайн нөхцөлд хүчирхийлэл үйлдэгдсэн үү үгүй юу гэдэг дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Хэрэв хүчирхийлэл үйлдэгдсэн нь  тогтоогдвол хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзнэ.

Нэг талаас  иргэн үзэл бодлоо хуваалцаж, өөрийн амьдралын нөхцөл байдлаа олон нийтийн сүлжээнд байршуулж байгаа нь эрхийнх нь асуудал.   Нөгөө талаас  тухайн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аваад мэдээлэх нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж буй нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл хүчирхийллийг сурталчилсан гэж үзэж болно.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч,  хүүхдийн талаар мэдээлэх нь хохирогчийг дахин дахин хохироодог гэдгийг иргэд ч, сэтгүүлчид та бүхэн ч ойлгож ухамсарлах хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа

Т.Номин

Similar Posts

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *