Эрдэмтэд 830 сая жилийн настай амьд байж магадгүй организм илрүүлжээ
Баруун Виржиниа мужийн их сургуулийн геологичид 830 сая жилийн өмнө үүссэн халит чулуун дотроос замаг болон прокариот эсийн үлдэгдэл илрүүлсэн байна. Халит бол натрийн хлорид бөгөөд өөрөөр чулуун давс гэж нэрлэдэг аж. Энэхүү нээлт нь эрт үеийн дэлхий дээр амьдрал ямар байсан талаарх судлахад ач холбогдолтой юм.
Судалгааг явуулсан эрдэмтэд тус чулуун дотор гацсан организмууд амь байж магадгүй гэж үзэж байгаа аж. Баруун Виржиниа мужийн их сургуулийн эрдэмтэд 1997 онд Австралийн төв хэсгээс олборлосон халитыг судалгаандаа ашигласан байна. Тэд “Transmitted-Light” болон “Ultraviolet petrography” гэх судалгааны аргуудыг ашиглан авчирсан чулуунуудаа шинжилжээ. Шинжилж үзээд эрдэмтэд чулуун дотроос прокариот, эукариот эсийн хэлбэр хэмжээтэй төстэй органик бодисууд илрүүлсэн аж.
Эх сурвалж: Science Alert