Уул уурхайн компаниудын эздийг нээлттэй зарлах төслийн нээлт өнөөдөр болно

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчид сүлжээ компани, давхар өмчлөлөөр хаацайлан нуугдмал байдаг хандлагатай. Энэ байдлаа ашиглан татвар төлөхөөс зайлсхийх, орлогоо нуух зэрэг хууль бус үйлдэл гаргах тохиолдол практикт ажиглагддаг.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” (ОҮИТБС)-ыг хэрэгжүүлэгч орнууд 2016 онд шинэчилсэн стандартын дагуу олборлох салбарын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс ил тод болгох “Замын зураг”-ийнхаа дагуу ил тод болгож эхлээд байна. Гэсэн хэдий ч энэ ажил ахиц дэвшил тун хангалтгүй байгаа учир тал талаасаа хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллах хэрэгтэй байна.

Тулгамдаж буй энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах зорилгоор ОҮИТБСын Олон улсын нарийн бичгийн газар 2017 оноос Лондон хотноо төвтэй “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллагатай хамтран “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийг 5 жилийн хугацаатай эхлүүлээд байна.

Монгол Улс нь ОҮИТБС-д нэгдэн орсон орны хувьд уг төслийг хэрэгжүүлэх эхний 13 орны нэгээр 2021 онд сонгогдсон юм. Монгол Улсын Их хурал өнгөрсөн намрын чуулганаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийг баталж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эл хуулиар Засгийн газрын холбогдох байгууллага хүлээн авсан эцсийн өмчлөгчийн мэдээллийг цахимаар ил тод болгож, тухай бүр шинэчилж байх үүргийг хүлээж байгаа билээ.

Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн нээлтийн ёслол нь Засгийн газрын төлөөлөл, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүдийг нэг дор цуглуулж эцсийн өмчлөгчийг ил тод болгох практик алхам, үр шим, улмаар гарч болох хүндрэлийг шийдвэрлэх гарцын талаар хэлэлцэх талбар болох юм.

Нээлтийн ёслолд хамтарч буй олон улсын байгууллагуудаас цахимаар оролцож, үлгэр жишээ болохуйц бодит кейс, бусад орны туршлага, үзүүлж болох дэмжлэгийн талаар танилцуулга хийх юм.Монгол Улсын төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг, Ажлын албаны гишүүд, ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар, “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллага, ил тод хариуцлагатай засаглалын төлөөх түнш байгууллагын төлөөлөл танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *