УИХ-ын дарга “Өдөр бүр зургаан хуудас уншъя” уриалга дэвшүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг Үндэсний номын баярын нээлтийн ажиллагаа өчигдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын номын баярыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тэмдэглэж байхаар шийдвэрлэж, жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэж байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах тал дээр Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Төрийн шийдвэрийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье. Өнөөдрийн арга хэмжээнд гадаадын Элчин сайдууд болон гадны зохиолчдын төлөөлөл оролцож байна. “Үндэсний бичиг соёлын өдөр”, номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг харуулж байна. Түүнчлэн миний бие 2019 оны номын баяр дээр “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлсэн. Тэгвэл өнөөдөр энэ уриалгаа ахиулан “Өдөр бүр зургаан хуудас уншъя” хэмээн уриалж байна” гэв.