Д.Сарангэрэл: 1500 өрхийг ядуурлаас гаргана гэж шоу, реклам хийхгүй
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлынхаа хүрээнд ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо өчигдөр /2022.09.26/ мэдэгдэв. Гэвч энэ мэдэгдэл нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэв.
Тухайлбал, халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлэх бодлогод ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлэх аж.
Энэ талаар тэрээр, “Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1500 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм. Түүнээс эдгээр хүмүүсийг сургалтад хамруулж байна гээд өөрийг нь болон гэр бүлийн хүмүүсийг нь олон нийтэд зарлаж шоу, реклам хийргүй” гэв.