Валиеватай холбоотой маргаанаас үүдэн уран гулгалтын тамирчдын насны доод босгыг 17 болголоо

Өнөөдөр Тайландын Пукет хотод болж буй Олон Улсын Уран Гулгалтын Холбооны дээд чуулганаар насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох тамирчдын насны доод босгыг 15-аас 17 болгон өсгөх шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэр нь өнгөрсөн өвөл Бээжингийн Өвлийн Олимпын наадмын үеэр ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой юм байна.

Валиеватай холбоотой маргааны дараа тамирчдын насны босгыг өндөрсгөж, залуу үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал яригдаж эхэлсэн юм.

Шийдвэрийн дагуу 2022/2023 оны тэмцээнүүдэд насны босго өөрчлөгдөхгүй ба 2023/2024 оноос 16, 2024/2025 оноос 17 болгож шат дараатай өсгөх юм байна.

Чуулганд оролцогч гишүүн орнуудын 100 нь шийдвэрийг дэмжсэн бол 16 нь эсэргүүцжээ.

Шийдвэр хүчин төгөлдөр болохын тулд санал хураалтад оролцогчдын ядаж гуравны хоёрын саналыг буюу 79 санал авсан байх ёстой юм байна.

Эх сурвалж: Reuters

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *