ХӨСҮТ цаашдаа өвчтөн хүлээж авах боломжгүй болсон гэлээ
ХӨСҮТ-ийн өвчтөн хүлээн авах хүчин чадал хэтэрч, цаашдаа тусгаарлалт, эмчилгээ хийх боломжгүй болсон гэжээ. Тухайлбал, гурван хоногийн өмнө СХД-ийн 43 дугаар хороонд орших нийтийн байранд оршин суугч нэг иргэнээс шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд өнгөрсөн гурван хоногийн турш ямар нэгэн арга хэмжээ авалгүй гэрт нь тусгаарласан байдалтай байлгажээ.
Тус нийтийн байр нь 50 гаруй оршин суугчтай бөгөөд дундаа нэг нийтийн ариун цэврийн өрөөтэй юм байна. Мөн агааржуулалтын хоолой нь нэг урсгалтайгаас болоод ихэнх оршин суугч нар айдас түгшүүртэй байна гэлээ. Нөхцөл байдал иймээс зарим оршин суугчид ажилдаа явалгүй, өөрийгөө гэртээ тусгаарлаж байгаа бол зарим нь өдөр тутмын хэвийн амьдралаар амьдарч буй ажээ.
ХӨСҮТ-д хандан лавлахад багтаамж хэтэрч, хэвтэх оргүй болсон хэмээн хариу өгсөн ба одоогоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагаас ч ямар нэгэн хорио, хамгаалалтын арга хэмжээ аваагүй байна гэлээ.
Нийт халдвар авагсдын тоо нэмэгдэж, сүүлийн 4 хоногт 100 гаруй халдвар шинээр бүртгэгдээд буй. Эмнэлгийн ор хүрэлцээгүй болсон тул өвчлөгсдийн 88 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа дээр үндэслэн гэрт нь тусгаарлан эмчлэх тухай яригдсан гэж ЭМЯ-ны Хэвлэлийн Төлөөлөгч Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдсэн. Харин гэрт нь тусгаарлан эмчлэхийн тулд эмчийн үзлэг хийж, нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт гарч байж шийдвэр гарна гэсэн юм.
Гэвч одоо хүртэл тус нийтийн байранд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, заавар зөвөлгөө ч өгөөгүй байгаа нь иргэдийг шууд эрсдэлд оруулж байна.
Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд ХӨСҮТ, Цэргийн Төв Эмнэлэг, Нийслэлийн Хүрээ амаржих газар, Завхан, Төв аймагт нийт 1014 хүн эмчлэгдэж байгаа ажээ.
П. Ундрах