|

Малчдын гэх “ тэмцэл” ба үнэгүйдсэн бодлого

Монгол Улсад уул уурхайн бодлого бий юу? Мэдээж хэдэн зуун хуудас бодлогын баримт бичиг бий.  Тухайлбал Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх  таван чиглэл батлах тухай  УИХ-ын тогтоол 2020 онд батлагджээ. Энэ тогтоолын Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд  дотор Зорилт 4.2.1-т  “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг  нэмэгдүүлнэ”  гэжээ.   Энэ  мэт бодлогоо Засгийн газар хэрэгжүүлж чадаж байна уу?  Өнөөдөр  энэ бодлого үнэгүйдэж, малчид гэх малгайн дор  үнэн төрхөө нуусан хэсэг бүлэг,  ах дүүсийнхээ саналаар сум орон нутгийн иргэдийн хуралд төлөөлөгч болж  төвхнөсөн цөөн хүмүүсийн эрх ашигт дөнгөлүүлж байна гэвэл зарим нь итгэхгүй. 

Хариуцлагатай уул уурхайгаа хөгжүүлж байж ажлын байр нэмэгдэнэ, цалин  орлого өснө, эдийн засаг тэлнэ, Монгол  урагшилна гэдэг дээр  олонх нь толгой дохидог хэрнээ хэрнээ яагаад ч  юм  замын чулуунд бүдэрсээр… 

Уул уурхайн сайд Г.Ёндонгийн өгсөн мэдээллээр 2021 онтой харьцуулахад хайгуулийн тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурчээ. Мөн 2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 19 тонн алт, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 3.7 сая тонн төмрийн баяжмал зэргийг олборлосон. Цар тахлын улмаас нүүрсний экспорт 56.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь энэ салбарын зогсонги байдлыг бэлхэн харуулна. Цар тахлын давалгаа намжиж, хувийн хэвшил, тэр дундаа   уул уурхайн  компаниуд олборлолтоо  эхлэх бэлтгэл ажил хангахтай  зэрэгцээд  монгол орны энд тэнд  орон нутгийн малчид,  компаниудын дунд зөрчил тэмцэл үүссэн тухай мэдээ тасарсангүй.  

Олон нийт уул ус, байгалиа хамгаалах тэмцлийг  уухайлан дэмжиж,  төр энэ асуудалд анхаарч, арга хэмжээ авахыг  шаарддаг,  шахалт үзүүлдэг.  Энэ нь  уул уурхайг эсэргүүцэн  тэмцэгчдийн хувьд  таатай  нөхцөл, тааламжтай арга хэрэгсэл болж хувирчээ.  Уул ус, байгалийнхаа төлөө гэх тэмцлийн ард хэсэгхэн хүмүүсийн эрх ашиг,  жалга довны улстөр, малчдын нэрээр халхавч хийсээр байна.  Одоогоос 10 гаруй жилийн өмнө уул уурхайн компаниудыг хаасны  дараа  “нинжа” нар нь дайран орж байгалиа сүйтгэж, амь насаараа дэнчин тавих  нь газар сайгүй  байсан бол өдгөө  сум орон нутгийн удирдлага,  иргэдийн төлөөлөгч гэх цөөн хүний эрх ашиг, үзэмжээр уул уурхайн компаниудын хувь заяа шийдэгддэг болжээ. 

Ганцхан жишээ дурдая. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд уул уурхайн  олборлолт явуулсныхаа төлөө зөвхөн Сум хөгжүүлэх санд нь сүүлийн  5 жилд 24 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Гэвч энэ мөнгө сумын хөгжил, иргэдийн амьдрал, үр хүүхдийн боловсролд  хэрэгтэй зүйлд  зарцуулагдсангүй. Дийлэнх нь сумын Засаг даргын “хүсэлд”  буюу  бөх, морины бай шагнал, наадам наргианд үрэгдээд дууссан талаар сошиал  орчинд бичиж, шүүмжилсээр байна. 

Саяхан Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхээр очсон компанийг орон нутгийн иргэдтэй уулзалт хийх нөхцлөөр хангахгүй, зориуд хясан боогдуулсан хүмүүс нь сумын нэр бүхий төлөөлөгчид, багийн  дарга  байсан гэх мэдээлэл ч цацагдсан. 

Уул уурхайн компаниуд өрсөлдөгчийнхөө эсрэг тэмцэл захиалж, орон нутгийн удирдлагууд  мөнгөн тохироо хийхийн  тулд ажлыг нь уяж, хурлыг нь хуралдуулахгүй, нутгийн иргэдтэй уулзуулахгүй  “шантааж” хэлбэр рүү оржээ. Нөгөө талд малчдаасаа асуух нь байтугай цагдаагийнхаа үүдэнд уяж байгаад  аль нэг  компанийн үйл ажиллагааг хүчээр  зүтгүүлдэг  удирдлага ч байна. 

Тэдний дүйвээнд малчид өртөж,  явцуу эрх ашигт нь ашиглуулан эцэстээ байгалиа сүйтгүүлж, хандах  хүнгүй   хаягдаж хоцорсон жишээ олон. 

Хуулиараа уул уурхайн  компаниуд,  орон нутгийн  иргэдийн хуралтай хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл  хуулийн энэ байдлыг  аймаг, сумын Засаг дарга , иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, багийн дарга нар эрх ашигтаа нийцүүлэн ашиглаж, өөрсдийн  үзэмжээр шийдэж байгаа  таслан зогсоох цаг болж.  Үнэндээ тэдний явцуу эрх ашиг Засгийн газрын бодлогоос давчихаад байгааг  Ерөнхий сайд Л.Оюун–Эрдэнэд   танд сануулъя.  Хөгжлийн тэргүүлэх чиглэл уул уурхайн бодлого  ухуулахгүй гэх “тэмцэл” нэртэй шантаажийн өмнө үнэгүйдэх ёсгүй. 

С.ОТГОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *