МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сар хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг  хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сар хорих, Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Харин Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох, С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 000 төгрөгөөр торгох, Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Аззаяад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *