ҮНДСЭН ХУУЛЬ: Нэмэлт өөрчлөлт оруулсан түүх
1992 оны Үндсэн хуулийн ерөнхий зорилт нь улс төрийн тогтолцоог өөрчилж ардчилсан нийгэмд шилжих, хүний эрх гэдэг ойлголтыг бий болгох, хамгаалах, чөлөөт зах зээлийн системийг баталгаажуулж, эдийн засгийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох явдал байсан. Тиймдээ ч Үндсэн хуулийн оршилд:
“Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.” гэж тодорхойлсон байдаг билээ.
Гэвч 1992 оны Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн хуваарилалт, институцүүдийг сонгох хэлбэрүүд зэргээс болж үүссэн зөрчлүүд улам бүр гүнзгийрэх хандлагатай байна гэснээс шалтгаалж 2000 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн боловч нийт ард түмнээр хэлэлцүүлэлгүй парламентаар хэлэлцээд л баталчихсан билээ. Тэр цагаас хойш “дордуулсан долоон өөрчлөлт” хоч байнга дагалдаж ирсэн.
Үүний дараагаас тодорхой Улсын их хурлын гишүүдийн зүгээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын захирамжаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг байгуулагдаж УИХ-д санал дүгнэлтээ хүргүүлжээ. Үүний дараа байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 3000 гаруй иргэдийн санаа бодлыг тандан судалж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг
Мөн Монгол Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан бөгөөд тус хуульд зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3- т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилжээ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь дараах хүчин зүйлсийг бүрэн хангасан байх ёстой:
• Үндсэн хуулийг дээдлэн сахих;
• Үндсэн хуулийн тогтвортой байдлыг
хамгаалах;
• Ард түмний бүрэн эрхт байдал,
оролцоог хангах;
• Бодитой, ил тод байх;
Үүний дагуу Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх асуулгын анхан шатны санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 12-нд, хоёр дахь шатны санал асуулгыг Улаанбаатар хотод 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байсан.
МОНГОЛ УЛСЫН АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ
1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйл буюу Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна.
ХОЁР ДАХЬ ҮНДСЭН ХУУЛЬ
1940 – 1960 оны хооронд нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан
ГУРАВ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛЬ
1960 оны Үндсэн хуульд мөн 13 нэмэлт, өөрчлөлт орсон байдаг.
ӨНӨӨДРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ
2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2019 оны 11 дүгээр сарын 26 -нд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
2022- Сонгуулийн холимог тогтолцоо, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг улс орны тусгаар тогтнол, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх гол түлхүүр болсон асуудал 2019 онд олонхын санал аваагүй унасан юм. Тиймээс гурван жилийн дараа 2022 онд дахин улс төрийн намууд, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдаас нэмэлт, өөрчлөлт хийх санал дэвшүүлээд байна