Сэгс цагаан богдыг 7.5 тэрбумаар “арилжих” гэрээг ил болгож байна
Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн охин Б.Баярмаа та говийн их дархан цаазат газрыг гадныхантай нийлж ухахаасаа ичээч!!
Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газар Сэгс цагаан богд уулын бүсэд орших “ Баянхөндий ” алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компани олборлохыг , говийн малчид эрс эсэргүүцэж буй. Тус компаний Монголын талыг хариуцсан захирлаар Ерөнхийлөгч асан Б.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг байна. Энд уурхай ажиллаж, гүний ус ашиглавал говийн эмзэг хөрсийг тэжээн тэтгэж байдаг загийн шугуй устаж, хулан, тахь, хавтгай, мазаалай тэргүүтэй ховор амьтдын амны ус залгуулдаг шанд булаг ширгэж, элсэн цөл болж, үндсэндээ амьдрал сүйрнэ. Иймээс Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчид тэмцэж эхлээд байгаа.
Гэтэл Орон нутгийн удирдлагууд АВЛИГЫГ бүр албан ёсны, тодорхой нөхцөл шаардлагатай хийдэг болсныг эндээс харж болно.
Баянхонгор аймгийн Засаг дарга, олборлогч компантайгаа нийлж, төрийн бус байгууллага байгуулан, “орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” нэрийн дор 7,5 тэрбумыг захиран зарцуулна. Үүний төлөө говийн их дархан цаазат газар Сэгс цагаан богдын бүсэд алт ухуулна. Ийм гэрээ хийдэг ажээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь “Эрдэнэс Монгол ” компанитай “орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”ний төсөл гээчийг хийжээ. Уг төсөлд Баянхөндийн ордыг ашиглах “Эрдэнэс Монгол” компани ирэх 4 жилд Баянхонгор аймагт 7.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Үүний тулд тус компани дэргэдээ Төрийн бус байгууллага байгуулж, удирдах зөвлөлийн 9 гишүүнд нь компаниас 5 хүн, Баянхонгор аймгийн ИТХ-аас 1, Баянхонгор аймгийн ЗДТГ-аас 1, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 1, Шинэжинст сумын ЗДТГ-аас 1 хүн орж, хөрөнгө оруулалтыг шийдэх гэнэ.
2021 онд 3 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ
1. Гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа 25%
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлагдмагч 25%
3. Барилгын зөвшөөрлүүд бүрдмэгц 25%
4. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсны дараа 25%-ийг хийж барагдуулахаар заажээ. Энэ мэтээр уг гэрээнд дурдсан нөхцлүүд биелмэгц Хөрөнгө оруулалтыг тухай бүр нь ТББ-ийн дансанд шилжүүлэхээр тусгажээ. Зарим санхүүжилтийг нь Шинэжинст суманд 20% ,Баян-Өндөр суманд 20%, үлдсэн 60%-ийг Баянхонгор аймагт шууд олгохоор тусгасан байна. Энэ чинь яг үнэндээ албан ёсны, баталгаажсан авлига биш үү?
Өнөөдөр уул уурхай байгаль орчныг сүйтгэж, малчдыг гол ус, бэлчээр нутгаас нь салгаж буй үйлдэлд Орон нутгийн удирдлагуудын энэ мэтийн оролцоо, балаг их гэдэг нь эндээс харагдна.
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон