УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Богдхан уулын аманд 2000 айлын орон сууцны хотхон барьж байна
Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Тусгай хамгаалалттай Богдхан уулын аманд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани 4.4 га газарт 18-21 давхар, 16 блок 2000 айлын орон сууцны хотхон барьж байна.
Асуудал нь юу вэ гэхээр анх 8.8 га газарт “Хүмүн” нэртэй ЕБС, цэцэрлэгийн байгууламж барина хэмээн архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас авч байжээ.
Тэгвэл авсан газрынхаа 4.4 га-д нь сургуулийн байгууламж бариад, үлдсэн 4.4 га газарт энэхүү орон сууцны хотхоноо барихаар барилгын ажлыг гурван сарын өмнө эхлүүлсэн байна. Б.Чойжилсүрэн гишүүний “Хурд групп” ХХК-ийн охин компани болох “Говь Ресурс Хилл” уг барилгыг барьж буй.
4.4 га газарт 18-21 давхар 16 блок орон сууцны хотхон барьж байна
“Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага ”Стандартын 5.3.3 заалтад зааснаар “Аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламжийн газраас дээш баригдах барилгын давхрын өндөр хоёр давхраас хэтрэхгүй байна” хэмээн заасан байдаг.
Гэтэл “Хурд групп” болон “Говь Ресурс Хилл” уг заалтыг зөрчиж 18-21 давхар бүхий 16 блок орон сууцны хорооллыг ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр босгож, барилгын ажил эрчимтэй явагдаж байна.
Тухайн барилга одоогоос гурван сарын өмнө эхэлсэн бөгөөд, барилга 4 дэх давхартаа үргэлжилж байна. Уг асуудлаар БОАЖЯ, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар, НЗДТГ холбогдох тайлбарыг хийгээгүй, барилга хэвийн үргэлжилж байна.
ШУУД ҮЗЭХ: