ӨВӨРХАНГАЙ: Эрлийз гурван насны хурдан морины уралдаан боллоо
Ардын Хувьсгалын 100, 101 жилин ой, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдаан өнөөдөр эрлийз морьдын хурдаар эхэллээ.
Эрлийз дээд насны морьдын уралдаанд 51 хурдан хүлэг шандас шалган хурдалснаас Архангай аймгийн Чулуут сумын харьяат Ц.Энхболдын /уяач А.Нямбаатар/ хээр морь түрүү магнайд хурдалж торгон жолоо өргүүлсэн бол Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат З.Жавхлангийн /уяач Г.Буянтогтох/ халтар морь аман хүзүүдлээ.
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн З.Жавхлангийн /уяач Г.Буянтогтох/ хүрэн морь, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ц.Золбоогийн / уяач Д.Өсөхбаяр/ хээр морь, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Д.Баттөгсийн буурал морь айргийн тавд хурдлав.
Эрлийз дунд насанд 41 хурд хурдалснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын /уяач Х.Тольгэрэл/ халтар морь түрүү магнайллаа. Аманхүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Хадбаатарын /уяач ААУ Ч.Амарсанаа/ бор халзан орж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Д.Шинэмөнхийн /уяач МУ-ын Тодманлай уяач Д.Мөнхбат/ таван цагаан зээрд, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Г.Оюунболдын /уяач ААУ Ш.Бадамжунай/ хүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн /уяач ААУ Т.Тогтохжаргал/ халтар морь айргийн тавд хурдлан унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
Эрлийз бага насны морьдын уралдаанд 50 даага уралдаж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, улсын алдарт уяач М.Алтан-Очирын хээр даага түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Ж.Батбаатарын /уяач С.Дүгэржав/ хээр даага аман хүзүүлэв. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Б.Дөлгөөний / Тод манлай уяач Т.Эхбаяр/ хүрэн халзан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, ААУ Ш.Бадамжунайгийн хонгор, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, ААУ Т.Тогтохжаргалын хээр алаг даага тус тус айргийн тавд хурдаллаа.