Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 84,4% нь хөрсний нянгийн бохирдолтой

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, автомашины тоо ойрын жилүүдэд эрс нэмэгдэж, гэр хорооллын талбай ихэссэний улмаас хөрс болон агаарын бохирдол үүсэх гол шалтгаан нь болж байна. Судалгаанд хамрагдсан нийт дээжний 12% нь нянгийн бохирдолгүй, 53% нь бага зэргийн, 24% нь дунд зэргийн, 11% нь их зэрэглэлийн нянгийн бохирдолтой байна гэж гарчээ. Аммони буюу шивтрийн бохирдол нь харьцангуй тогтворгүй бохирдол бөгөөд хүн, мал амьтны ялгадастай холбоотой. Нийт дээжний 88.4% нь бохирдолтой, 11.5% нь бохирдолгүй байна. Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа, үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд болон гэр хорооллын хэсгүүдээр аммонийн агууламж асар их гарсан. Нийт дээжний 52.6% нь органикийн бохирдолтой байна.
УБ хотын хувьд хөрсний нянгийн буюу шивтрийн бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын бүсийн ДЭД БҮТЭЦ ҮГҮЙ НҮХЭН ЖОРЛОНГИЙН ХЭРЭГЛЭЭ болж байна. Нийслэлийн 9 дүүрэгт гэдэсний халдвараар өвчилсөн 1200 иргэнийг нянгийн халдвартай ямар хамаарал холбоотойг судалж үзэхэд ихэвчлэн 0-4 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД гэдэсний халдварт өвчнөөр өвчилж байна. Гэдэсний бүлгийн бичил биетэн ямар байгааг шинжилж үзэхэд нийт авсан дээжний 65.2 хувьд нь E.coli, 27.3 хувьд нь proteus, 12.2 хувьд нь citrobacter, 7.6 хувьд нь enterococcus, 3 хувьд нь Pseudomonas илэрсэн. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч salmonella 9.1 хувьд, хөгц мөөгөнцөр нийт дээжний 4 хувьд илэрсэн. Ер нь судалгааны дүн гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна. Бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, жорлонгийн бохир ус халих зэрэг явдал болж байна.
Авто засварын газрууд орчим нефть, шатах тослох материалын бохирдол их байхад гэр хороолол дундах хогийн цэгүүдэд ахуйн гаралтай хоол хүнсний үлдэгдэл, нүүрсний хог, үхсэн малын сэг зэм зэрэг нь органик бохирдлыг үүсгэж байна. Ил задгай хог хаягдал, шивтрээс болж үүсдэг нянгийн бохирдол нь ГЭДЭСНИЙ БОЛОН АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧНҮҮД ЗЭРЭГ 17 ГАРУЙ ӨВЧНИЙГ ҮҮСГЭДЭГ. Хамгийн аймшигтай нь байгалийн янз бүрийн бохирдлууд нь хоорондоо хамааралтай байдаг тул хөрсний бохирдлыг дагаад тухайн газрын ус болон агаар нь бохирддог. Хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахын тулд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, нарийвчилсан судалгаа хийж бохирдлын төрөл, хэмжээ, тархалтыг тодорхойлж цэвэршүүлэх, нөхөн сэргээх шаардлагатай. Хүн амын төвлөрөл, гэр хорооллын тархац, автомашин, ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл ихэссэн нь сүүлийн жилүүдэд хөрсний нянгийн бохирдол нэмэгдэх шалтгаан болж байна. Хүн амын хэт төвлөрлийг дагаад ил задгай хог хаягдал эрс нэмэгдэж байгаа, гэр хорооллын бохирын сүлжээг бүрэн шийдээгүйгээс хөрсний нянгийн бохирдлын хэмжээ ихэссээр байна.
Хотын хөрсний бохирдлыг бууруулах ШИЙДЭЛ юу байж болох вэ?
Хөрсний бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйлс болох ил задгай хог хаягдал болон нүхэн жорлонгийн зохисгүй хэрэглээний хор уршгийн талаар олон нийтэд таниулж, тэднийг байгаль орчиндоо ээлтэй амьрдахад сэдэлжүүлэх. Цаашлаад төр, засаг захиргааны зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах, хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөлжүүлэн байгуулах, иргэдэд хог хаягдал ангилж хаях боловсролыг хүртээмжтэй олгох, хот төлөвлөлтийг дэд бүтцийн дагуу гаргаж, сайжруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна.
/Эх сурвалж: НБОГ-аас хийсэн УБ хотын хөрсний бохирдлын судалгаа, 2018 он/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *