Чингис хааны нэрийг үндсэн хуульдаа оруулахыг санал болгов

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛЬДАА ОРУУЛАХЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордон, Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд, Монгол хүн, айл өрх бүрд  Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай хэмээсэн зарлиг буулгасаныг талархан дэмжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл зарлигтай холбогдуулан энэ жил Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахаар завдан буй тул ЭЗЭН ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛЬДАА ОРУУЛАХЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА. Манай Улсын Их Хурлын гишүүд хана руу харж байгаад тангараг өргөж харагдах юм билээ. Уг эзэн хааныхаа хөргийн өмнө тангараг өргөж байвал ядаж нэгийг боддог болохсон болов уу хэмээн санана. Эзэн хаантай, уламжлалаа дээдэлдэг улс орнууд хааныхаа хөрөг зургийн өмнө тангараг өргөж, хаа байгаа газраа мэхийн ёсолж байх нь олонтаа харагддаг юм билээ. Энэ бол түүхэндээ хандах хандлагаа өөрчлөхөд чухал хэмээн бодно. Бүр тодруулбал, монголоо таньдаг, мэддэг, ойлгодог болоход онц ач холбогдолтой хэмээн санамой. Бас Эзэн Чингис хааны нэрийг хаа нэгтэй өмчлөх ч магад юм шүү.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ НЭРИЙГ ОРУУЛАХ ТУХАЙ

Түүхийн тухайд бол Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван хоёрдугаар зүйлд

“1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

  1. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
  2. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” хэмээн заасан байгаа. Мөн Үндсэн хуулийн долдугаар зүйлийн нэгд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн нэг өгүүлбэр орсон байгаа.

Нэгэнт Үндсэн хуульдаа “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг” хэмээн оруулж болсон юм чинь тодорхой эзэнтэй болгож, ЭЗЭН ЧИНГИС ХААН хэмээсэн нэрийг оруулах нь зохистой хэмээн бодно.

Монгол Улс бол Эзэн Чингисийн байгуулсан Монгол Улсын гал голомт, үргэлжлэл учраас Үндсэн хуульдаа Эзэн Чингис хааныхаа нэрийг оруулах саналтай байна. Мэдээж эзэн хаантай улс болох ойлголт биш. Уламжлал, түүх, соёл тэргүүтнээ дээдлэх үүднээс эзэн Чингис хааны нэрийг Ерөнхийлөгч, Улсын Их хурлын гишүүд тангараг өргөх тухай заалт дотор оруулахад болох юм.

Арван хоёрдугаар зүйлийн “1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээснийг

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ, Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээх,

Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн хоёрдугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээснийг . “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ, Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээн өөрчлөн найруулах,

Гучин хоёрдугаар зүйлд

“1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

  1. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээснийг

“1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ, ТӨРИЙН СҮЛДЭНДЭЭ УЛСЫН ИХ ХУРАЛД “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

  1. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор тангараг өргөнө” хэмээн өөрчлөн найруулах,

Монгол үндэстэний гал голомтыг сахигч Монгол улс өнө мөнхөд бадрах болтугай.

Монгол Улсын Төрийн шагналт,

Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан

Эх сурвалж: News.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *