Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд;
“соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хамт олон, бүлэг, хувь хүнийг; хэлнэ гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан юм. Энэхүү журмын дагуу Засгийн газраас өнгөрсөн хугацаанд шилдгийн шилдэг дөрвөн өвлөн уламжлагчийг онцлон тодруулж, шагнан алдаршуулаад байна.
– 2018 онд анхны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар ард олны дунд Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дулам шалгарсан. Тэрээр ард олны дунд “Дөмөн” Дулмаа нэрээр алдартай бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн байна. Д.Дулам нь Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч ажээ.
-2019 онд удам дамжсан урианхай туульч А.Балдандорж шалгарчээ. Тэрээр Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөжээ. Тэрбээр 1996 онд Бүх ард түмний урлагийн их наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд эзэмшсэн Монголын билиг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль-2013” их наадмын “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан манай улсын шилдэг ардын авьяастан, өвлөн уламжлагч юм.
-2020 онд Увс аймгийн Малчин сумын харьяат, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа шалгарсан. Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.
-2021 онд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарсан юм. Д.Гүндэгмаа нь”Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, зан заншил, шүтлэг бишрэл, байгаль хүн хоорондын харилцаа, уламжлалт идээ ундааны соёлын тод илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө, аав, ээжээс язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй онцгой нэгэн өвлөн уламжлагч юм.
Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д 102 өвлөн уламжлагч бүртгэгдсэн бол 2022 оны байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн анхан шатны бүртгэлд 11189 өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна.