Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил “Битүү амьсгаа”
Нүүдэлч Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Лимбэ бол монгол уртын дуутай ая хамсардаг хөгжмийн гол зэмсгийн нэг. Морин хуур, лимбэ хоёр уртын дууны уужим тэнүүн айзам, уран тансаг хээ угалзыг төгс илэрхийлж чаддаг, уртын дуучинд бат түшиг болж өгдгөөрөө онцлог юм. Монголчууд уртын дууг лимбээр хөгжимдөхдөө битүү амьсгааг хэрэглэж иржээ. Лимбэний битүү амьсгаа нь уртын дуучны хоолойг дэмжин хамсарч, амьсгал авах үед нь ая эгшиг таслахгүй барьж байхад зохицсон өвөрмөц арга барил юм.
Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно. Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино. Энэ үйлдэл (цикл) нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.
Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулахад нэрт лимбэч Алдарт гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, МУГЖ М.Дорж нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ахмад үеийн лимбэчдийн халааг авсан дунд үеийн төлөөлөл нь лимбэч багш Д.Энхтайван, МУГЖ М.Бадам, Галсантогтох, Ө.Батжаргал нар юм. Лимбэний битүү амьсгааг төгөлдөр эзэмшсэн эдгээр лимбэчдийн шавийн шавь нар эдүгээ эл уламжлалыг залган авч яваа болно. Лимбэдэх ховор хосгүй эл арга барилыг 2011 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан болно.