|

ДЦС-4 ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байна

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Цэнгэлийн хамт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “ДЦС-2” ТӨХК болон “ДЦС-4” ТӨХК-уудад ажиллаж, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон хийгдэж буй ажлын гүйцэтгэлийг өнөөдөр газар дээр нь шалгалаа.

ДЦС-2 ТӨХК-ийн хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 41 нэр төрлийн ажил төлөвлөж 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 63,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:

-Үндсэн болон туслах тоноглолын их засварт 13 нэр төрлийн ажил төлөвлөж 80 хувийн гүйцэтгэлтэй,

-Техник зохион байгуулалтын арга хэмжээний 10 ажил төлөвлөж 52 хувийн гүйцэтгэлтэй,

-Хөрөнгө оруулалтаар 18 ажил төлөвлөж 59.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

ДЦС-4 ТӨХК-ийн хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 185 нэр төрлийн ажил төлөвлөж 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:

– Үндсэн болон туслах тоноглолын их засварт 152 нэр төрлийн ажил төлөвлөж 38.7 хувь,

– Техник зохион байгуулалтын арга хэмжээний 7 ажил төлөвлөж 62.9 хувь

– Хөрөнгө оруулалтаар 26 ажил төлөвлөж 90.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх үүсвэрүүдийн үндсэн болон туслах тоноглолуудын засварын ажилд шаардлагатай сэлбэг бараа материалуудыг Оросын холбооны улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор авдаг бөгөөд хил гааль, тээврийн нөхцөл байдал, үнийн өсөлтөөс шалтгаалан, худалдан авах ажиллагаа удаа дараалан амжилтгүй болж байгаа нь ажлын гүйцэтгэлд ихээхэн нөлөөлж байна.

Ажлын гүйцэтгэл, явцтай танилцаж, дараах үүрэг даалгаврыг өгч ажиллалаа. Үүнд:

1. ДЦС-4 ТӨХК-ийн хувьд турбоагрегат №5, Зуух №4, 2Т трансформаторын засвар зэрэг туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

2. ДЦС-2 ТӨХК, ДЦС-4 ТӨХК-уудад цаашид үндсэн болон туслах тоноглолуудад хийгдэх эхлээгүй засварын ажлуудын хувьд төлөвлөгдсөн зардал болон ажлын эзлэхүүнийг дахин тодруулах, шаардлагатай тохиолдолд бизнес төлөвлөгөө, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх асуудлыг хугацаа алдалгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрчим хүчний яаманд хандаж шийдвэрлүүлэх үүргийг тус тус өглөө.

 

 

Эх сурвалж: Montsame.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *