Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг сонгохыг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаанаар Байнгын хорооны даргыгг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Б.Саранчимэг нь 1987-1993 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер, 2012-2013 онд ШУТИС-ийн магистр, 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, 2014-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1994-1999 онд Улсын Их Хурлын Тамгын газарт мэдээллийн технологийн инженер, 2006-2009 онд “Шинэ зуун Улаанбаатар” төрийн бус байгууллагын тэргүүн, 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, 2008-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд тэргүүлэгч, 2010-2015 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдлаа.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Н.Наранбаатар нар үг хэлэв.
Гишүүдийн зүгээс Байнгын хорооны даргад нэр дэвшсэн Б.Саранчимэгт ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд Байнгын хорооны зүгээс хяналт тавьж ажиллах, хадлангийн бүс нутгийн хил заагийг тодорхой болгоход салбарын яамтай хамтарч ажиллах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг сонгохыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.