Д.Амарбаясгалан: Монгол Улс Буянт-Ухааг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Буянт-Ухаад инновацын төв байгуулах асуудлыг танилцуулсан бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа газрууд, технологийн компаниудыг нүүлгэх асуудлыг судлахаар болсон талаар мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг нэмж өглөө. Хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр бодлого гаргаж ажиллаж байгаа.
Нэгдүгээрт, олон улсын нисэх буудлын чиглэлээр ажиллаж байсан Буянт-Ухаа цогцолбор цаашдаа нисэх буудлын бүрэн зориулалтаар ажиллах боломжгүй болсон.
Тодруулбал, шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбоотойгоор Японы Мицибүши компанитай байгуулсан концессын гэрээгээр хүлээж байгаа үүргээр Монгол Улс Буянт-Ухааг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй болсон. Шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжтой. Нисэх буудлын ашиглалтыг аваад үзэхэд нисэх буудлыг нөөцөөр ашиглахын тулд жилд 10 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах шаардлагатай байгаа.
Нөгөө талаар 21,000 ам.метр талбайтай цогцолборын нөөц нисэх буудалд зориулагдсан талбай нь 10 орчим мянган ам.метрээр ашиглагдах боломжтой болж байгаа. Үндсэндээ цаана нь 11,000 ам метр талбай ашиглалтгүй болох нөхцөл үүссэн тул төр үүнийг үр бүтээлтэй ашиглах ёстой. Тэр дундаа технологийн салбарыг хөгжүүлэх, стартап бизнесийг дэмжих чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ төвийг бий болгоод үүний хажуугаар нийгмийн дэд бүтцүүд болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг бий болгох чиглэлээр төр үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.