Чемодан дотроос цогцос нь олдсон хүүхдүүдийн ээжийг баривчилжээ
Шинэ Зеландад наймдугаар сарын эхээр цахим дуудлага худалдаагаар худалдсан авсан чемодан дотор цогцос нь олдсон хоёр хүүхдийн эхийг өнөөдөр БНСУ-д баривчилжээ. Тав болон 10 насны хоёр хүүхэд 2018 онд амиа алдсан болохыг тогтоосон тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Шинэ Зеландын цагдаагийн газрын хүсэлтийн дагуу Өмнөд Солонгосын хууль хүчнийхэн хоёр хүүхдийн эх байж болох 42 настай эмэгтэйг өнөөдөр /2022.09.15/ хүн амины хэргийн сэжигтнээр саатуулаад байгаа тухай БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар мэдээлжээ. Түүнийг Сөүл хотоос 307 км зайд байрлах Улсан хотод баривчилжээ. Солонгос гаралтай Шинэ Зеландын иргэншил авсан тэрбээр тус улсад цагаачилж, нөхөр нь өвчний улмаас нас барсны дараа 2018 онд БНСУ-д эргэн ирсэн бөгөөд үүнээс хойш хилээр гаргаагүй байна.
Шинэ Зеландын тал түүнийг шилжүүлэх хүсэлт тавьсан ба Сөүлийн шүүхийн шийдвэр гартал түүнийг БНСУ-д түр хорих юм.
Сэжигтэн эмэгтэйг Сөүл рүү авч явах үеэр сэтгүүлчид түүнээс хүүхдүүдийнхээ амийг хөнөөсөн эсэхийг асуухад тэр тийм зүйл хийгээгүй гэж хариулж байсан гэж Ёнхап агентлаг онцолжээ. Түүнийг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Шинэ Зеландаас зугтан гарсан гэж үзэж байна.