Японд иргэдийг “омикрон”-ы нэмэлт тунд хамруулж эхэлнэ
Японд коронавирусний “омикрон” хувилбарын вакцинд иргэдийг ирэх долоо хоногоос хамруулж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлжээ.
Тодруулбал, ирэх мягмар гаргаас 60 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд эхний ээлжид вакцинд хамрагдах боломжтой болно. Улмаар ирэх 10 дугаар сарын дунд үеэс 12-оос дээш насны, хоёроос дээш тунд хамрагдсан хүмүүсийг хамруулж эхэлнэ.
Засгийн газар 2022 оны эцэс буюу шинэ жилийн баярын үе гэхэд нэмэлт тунд хамрагдах хүсэлтэй бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 10-11 дүгээр сард өдөрт нэг сая тун вакцин тарих тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байгаа ажээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, АНУ-ын “Pfizer”, “Moderna” компанид гарган авсан нэмэлт тунгууд нь коронавирусний анхны омогт тохируулан гарган авсан өмнөх вакцинуудтай харьцуулахад халдварын хүнд шинж тэмдгүүдийг арилгахад илүү үр дүн үзүүлэх төлөвтэй байгаа бөгөөд ирээдүйд шинээр үүсэж болзошгүй хувилбаруудаас хамгаалах магадлалтай байна.