Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх Н.Одончимэгийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих прокурорын саналыг шүүх өнөөдөр хэлэлцэнэ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээрээ нь баривчилж, хойшлуулшгүйгээр цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл прокуророос Н.Одончимэгийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр /2024.10.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Харин шүүхээс тухайн прокурорын саналыг өнөөдөр хэлэлцэж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдэх аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэгт мөн хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин тус хэргийн талаар албаныхан одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Ташрамд өгүүлэхэд өдгөө авлига албан тушаалын хэргээр саатуулагдаад буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг нь
- 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн,
- 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга,
- 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа нэгэн юм.