Нас барсан иргэдийн хаягийг буяны компанид өгч ХАХУУЛЬ авдаг гэх хэргийн МӨРӨӨР…..
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлсэн тухай Авлигатай тэмцэх газраас хэд хоноийн өмнө мэдээлсэн нь олны анхаарлыг татаж, эгдүүцлийг хүргэсэн.
Тэгвэл уг хэрэгт чухам ямар албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан, хэзээ хаанаас ямар авлига авч байсныг тодруулан хүргэж байна.
Баттай эх сурвалжийн мэдээллээр уг хэрэгт Шуурхай удирдлагын төвийн дөрөв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 10 эмчийг холбогдуулан 2018 оноос эхлэн шалгаж эхэлжээ.
Өдгөө эдгээр эмч нарын дөрөв ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. Тэдний гурав нь буюу эмч Б, Н, Г нар нь ахлах буюу ээлжийн үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Харин эмч У нь дуудлагын эмчээр ажилладаг байна.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдсон хүмүүс хэргээ хүлээж, зарим нь авсан мөнгөө эргүүлсэн өгсөн гэх мэдээлэл байна.
Тэд “Бат номин буян” Дөл буян, Зүүн түмэн буян, Дэлгэрэн буян зэрэг компаниудтай холбоотой ажилладаг байсан аж. Үүнтэй холбоотойгоор эдгээр компанийг ч мөн хэрэгт татан шалгаж байгаа юм.
Тухайн үед Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Т.Пүрэвдаш ажиллаж байсан бөгөөд түүнээс уг хэргийн талаар тодруулахыг хүсэж цаг товлосон ч тэрбээр дахин бидэнтэй холбогдоогүй. Түүний хувд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр олон жил хуулийн байгууллагад шалгагдаж, эцэст торгуулийн ял авснаар хэрэг явдал дууссан байдаг юм.
Т.Бат-Идэр: Энэ хэрэгт намайг холбогдуулан шалгаж байгаа нь үнэн
Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, цагдаагийн хошууч Т.Бат-Идэртэй холбогдож дараах тодруулгыг авлаа. Тэрбээр тухайн үед тус төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
Т.Бат-Идэр “Тухайн үед манайхаас хэд хэдэн хүнийг дуудаж мэдүүлэг авсан байсан. Гэхдээ тэднийг хэрэгт татаагүй. Миний хувьд сошиал хэрэглэдэггүй. Сайтуудаар С.Ариунболд зохион байгуулаад бид нар оролцоод 100 сая төгрөгийн хахууль авсан гэдэг мэдээлэл явж байна гэж хүмүүс хэлсэн. Тийм зүйл байхгүй. Ийм ноцтой зүйлд хүмүүсийг гүтгэж болохгүй. Энэ хэрэгт намайг холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Би байцаалт мэдүүлгээ өгсөн. Гэхдээ уг асуудалд холбоогүй. Мөн манайхаас өөр холбогдсон шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” гэлээ.
С.Ариунболд: Буяны компаниуд бий өрсөлдөөд манай эмч нартай холбогдсон асуудал бий. Бид зохих арга хэмжээг авсан
Мөн бид Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболдтой холбогдож дээрх асуудлыг тодруулсан юм.
-Танай байгууллагын эмч нар болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дөрвөн хүнийг үгсэн хуйвалдаж талийгаачийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож 100 сая төгрөг авсан гэх хэргийг прокурор хянаж байна. Энэ хэрэгт танайхаас ямар хүмүүс холбогдсон бэ?
Энэ хэрэгтэй манай хэсэг хүн холбоотой нь үнэн. Үүнд манайхаас 10 эмч холбоотой байгаа. Энэ чинь аль 2018-2020 оны үйл ажиллагаатай холбоотой хэрэг байгаа юм шүү дээ. Үүнээс хойш зургаан эмч ажлаасаа гарсан. Дөрвөн эмч нь манайд ажиллаж байгаа.
-Таныг шарил зөөх, нас барсан хүмүүсийн мэдээллийг зарах асуудлыг зохион байгуулсан хүн гэх мэдээлэл сошиал сүлжээнд гарсан байсан?
Тэр мөнгийг нь намайг авсан гэж яригдаад байх шиг байна. Би үүнтэй холбоогүй ээ, 100 сая төгрөгийг л намайг аваад идэж уучихсан юм шиг яриад байгаа юм. Би дахин давтан хэлье энэ 100 сая төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Надад ямар ч хамааралгүй.
-Та 2018 онд Эмчилгээ эрхэлсэн Орлогч даргаар ажиллаж байсан шүү дээ. Дахин ийм асуудал гарсан уу. Удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Миний бие 2021 оны долоон сараас хойш энэ ажлыг авсан. Энэ асуудлыг мэдэхгүй биш мэдэж байсан. Энэ үйл ажиллагаа чинь 2017 оноос хойш олон буяны компаниуд бий болоод хоорондоо өрсөлдөөд манай эмч нартай холбогдоод ил, далд маягаар холбогдоод яваад байсан. Энэ асуудал дээр би өөрөө зохих арга хэмжээг авсан. Нэгдүгээрт, дотоод журамдаа буяны байгууллага болон бусад байгууллагатай мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг байж болохгүй гэдэг заалтыг оруулсан. Хоёрдугаарт, дуудлаганд явж байгаа эмч нартаа мэдээллүүдийг өгөөд гарын үсэг зуруулдаг болсон.
Холбогдсон 10 ажилтны хувьд зургаа нь гарсан. Эдгээр хүмүүст арга хэмжээ авъя гэхээр эрх зүйн хувьд боломжгүй. Хүний гэм буруутайг шүүхээс тогтоодог. Үнэхээр шүүхээс тогтоох юм бол арга хэмжээ авах ёстой.
Эх сурвалж: Zuv.mn