Бүлэглэн дээрэм хийсэн 16-19 насны дөрвөн этгээдийг дайчлан баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа дээрэмдэх гэмт хэргийн гаралт илрүүлэлтэд дүн шинжилгээ хийх дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон эрүүгийн хариуцлагад татах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд мөрдөн шалгагдаж байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Бүлэг 2022” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид зочид буудлын өрөөнд байсан иргэдийг бүлэглэн дээрэмдэж биед гэмтэл учруулан хэргийн газраас зугтаасан этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн, дайчлан баривчиллаа.

НЦУГ-ын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Соронзонбаатар: Энэ оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд үйлчлүүлж байсан 2 иргэнийг гаднаас үл таних 5 этгээд орж ирэн айлган сүрдүүлж, биед нь эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Уг гэмт хэрэгт НЦУГ-ын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран ажиллаж 48 цагийн дотор уг гэмт хэргийг үйлдсэн 16-19 насны 4 этгээдийг дайчлан баривчилсан. Дайчлан баривчлах ажиллагааны явцад дээрх этгээдүүд биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис авч явж байсныг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэжигтэн: “Найзынхаа үнэтэй утсыг тавьсан. Авч чадахгүй болохоороо эмэгтэй найзаа нэг эрэгтэй хүнтэй фейсбүүкээр танилцуулаад буудалд оруулсан. Араас нь бид 4 орж цохиж зодоод, утсыг нь дээрэмдээд зугтаасан” гэв.

Эцэг эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, найз нөхдийн хүрээлэл болон цахим хэрэглээнд нь хяналт тавих, хар тамхи мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис түүний хор уршгийг таниулах, эрхзүйн мэдлэг олгож сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллага, СЭМҮТ-д хандана уу.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *