Төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай тогтоолоор 1 тонн хог хаягдлыг хөрсөөр дарж булах зардлыг 2080 төгрөгөөр тогтоосныг өөрчлөөгүйгээс төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
Тухайлбал, хог хаягдлын хэмжээ 2006 онд 642 мянган тонн байсан бол 2021 онд 1.3 сая тонн болж нэмэгдсэн. Мөн шатахууны үнэ 3.48 дахин, нэг цагт зарцуулах шатахууны зардал 2.02 дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2006 онд 53 мянган төгрөг байсан бол 420 мянган төгрөг болж нэмэгдээд байгаа. Эдгээрээс үүдэн нийслэлийн төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээ тогтворгүй, ачааллаа даахгүй, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Иймд төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээг сайжруулахын тулд дарж булах ажлын санхүүжилтийг нэмэх шаардлага тулгарсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав.
Улаанбаатар хот 410 мянга гаруй өрх, 175 мянган аж ахуйн нэгж байгууллагатай. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ч өсөж байгаа. Нийслэлд төвлөрсөн хогийн 6 цэг ажиллаж, хог хаягдлыг хөрсөөр дарж булж байгаа г нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээллээ.
Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Налайх, Багануур, Багахангай дүүргийн хогийн цэгийг харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хариуцдаг. Нийслэлд өдөрт дунджаар 4000 тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэгээс 200 мянган тонныг ангилан ялгаж, 1.3 сая тонн хогийг ландфилдах буюу дарж булж байна.
Иймд Хотын дарга төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг устгах зардлын тооцооллыг НИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг даалгажээ.