|

Сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийн ёс зүй, үнэ цэнээ үнэгүйдүүлдэг

Дэлхий дээрх 60 мянга гаруй ажил мэргэжлийн 100 хүрэхгүй төрлийн мэргэжлийг эрхлэхэд “ёс зүй” шаардагддаг аж. Үүний нэг нь сэтгүүлчийн мэргэжил юм. Гэтэл өнөө цагт сэтгүүлчийн ёс зүй алдагдаж байгааг хаацайлах аргагүй болжээ. Ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэртээ телевиз үзэж мэдээ сонсдог иргэд багассан. Үүнийгээ даган иргэдийн хэрэглээ, хэрэгцээг хангахын тулд сэтгүүл зүйн салбарт мэдээллийн сайтын үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 390 нь мэдээллийн сайт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Эдгээр мэдээллийн сайтын дийлэнх нь мэдээллийн үнэн зөв байдалд бус массын анхаарал татах сэдэвт анхаарч, хурдан шуурхай мэдээ нийтэлж хандалтаа нэмэхийн тулд ёс зүй, хүний эрхийн мэдрэмжгүй алдаа гаргах нь олонтоо. Жишээлбэл, хэдхэн хоногийн өмнө ТҮЦ эрхэлдэг эмэгтэй гадаа гарч бие засаад ирэх хооронд хоёр хүүхдийнх нь орондоо нүцгэн хэвтэж байгаа зургийг нэгэн иргэн цахим сүлжээнд “ээж нь архи уугаад хүүхдүүдээ орхиод явчихсан байна” гэх агуулгатай нийтэлсэн. Гэтэл мэдээллийн сайтын мэргэжлийн сэтгүүлчид иргэний нэг талаас харсан хувийн үзэл бодол шингэсэн нийтлэлийг нягтлалгүй оруулж төөрөгдөл төрүүлсэн төдийгүй зарим нь хүүхдүүдийн царайг даралгүй танигдахаар зургийг  оруулсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон юм.

Зөвхөн энэ жишээ гэлтгүй хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн золиос болсон хохирогчийн мэдээллийг нууцлах тал дээр сэтгүүлчид хойрго ханддаг уу, эсвэл хандалт л авч байвал хохирогчийн хувийн мэдээллийн хамгаалах ёс зүйгээ умартсан уу овог нэр, гэр бүлийн байдал, эрхэлдэг ажил, сурдаг сургуулийг нь хүртэл олонд дэлгэж мэдээлэх нь хэвийн зүйл болсон. Цаашлаад зураг хөргийг нь ч олж тавьж мэргэжлийн ёс зүйгээ гээдэг. Энэ нь эргээд иргэдийг сэтгүүл зүйн салбарыг шүүмжлэх шалтгаан болж байдаг ч “хэвлэлийн эрх чөлөө” гэж хэтийдсэн эрхээ өмнөө барьж өөрийгөө өмгөөлдөг жишиг тогтоод байгаа нь үнэн. 

 

Энэ мэт хүчирхийллийн үйл явдлыг утга зохиол бичиж байгаа аятай нэг нэгэнгүй, дэлгэрэнгүй бичдэг. Хохирогчоос яриа авч байхдаа нүүр царайг нь хаадаггүй, хоолойны өнгийг өөрчилдөггүй гэх мэт үйлдэл нь сэтгүүлчийн мэргэжлийг live хийдэг иргэнээс ялгагдах зүйлгүй болгож байна.

Сэтгүүл зүйн “ёс зүй” нь энгийн зүйл юм шиг хэдий ч үүнийг сахиж мөрдөх нь дээд зэргийн ур чадвартай сэтгүүлчийн чадвар гэж тодорхойлох нь ч бий. Ёс зүйг баримтлах гэдэг нь

  • Бодит байдалд нийцсэн мэдээ бэлтгэхийн тулд нягталж, баталгаажуулах,
  • Доромжлол, гүтгэлгээс хол байх,
  • Бусдад болон өөртөө хор учруулахгүй байх зэргийг хэрэгжүүлэхэд хангалттай. Гэвч эдгээр энгийн зүйлс хандалт хөөсөн сэтгүүлчийн хувьд цаасан дээр буулгасан хэдэн өгүүлбэр болж дууслаа.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *