Б.Жавхлан: Хөгжлийн банкны амин үзүүлэлтүүд унаж, дампуурлын эрмэгт ирээд байна
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулсан юм. Сангийн сайдын чуулганд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр “Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүдээ.Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай бие даасан хуулийг баталснаар 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлт хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Хөгжлийн банк нь олон улсын зах зээлээс гадаад валютаар хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийгээ үндэсний стратегийн ач холбогдол бүхий, эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар макро эдийн засгийг бодитоор дэмжих зорилготой төрийн өмчийн цорын ганц бодлогын банк юм.
Хөгжлийн банкны өнгөрсөн 11 жилийн түүхийг 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн үйлчлэлийн үе, 2017 оны Хөгжлийн банкны тухайн хуулийн шинэчилсэн найруулгын үйлчлэлийн үе гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваана. Учир нь энэ хоёр хуулиар банкны засаглал, санхүүжилтийн шийдвэр гаргалт, хяналтын тогтолцоо хоёр өөр байдлаар тодорхойлогдсон байдаг.
Хөгжлийн банк нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний урт хугацаат эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын буюу Чингис бондын эх үүсвэр, үлдсэн 2.0 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банк өөрөө татан төвлөрүүлсэн байна.
Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн уг 3.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийн 3.0 тэрбум ам.долларыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан бол 0.5 тэрбум ам.доллароор өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилт хийжээ.
Хөгжлийн банк нь дээрх татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэр болон өөрийн хөрөнгийг ашиглан нийт 3.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон бөгөөд үүнээс 1.4 тэрбум ам.доллар буюу 40.8%-ыг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд санхүүжилтээр, 0.5 тэрбум ам.доллар буюу 15.1%-ыг дамжуулан санхүүжилтийн хэлбэрээр, үлдсэн 1.5 тэрбум ам.доллар буюу 44.0%-ыг улсын төсвийн шинжтэй буюу өндөр хүүтэй валютын эх үүсвэрээр санхүүжүүлж болохгүй төслүүдэд олгосон үндсэн гурван хэлбэрээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна.
Үүнээс 2011-2016 онд буюу анхны хуулийн хэрэгжилтийн хугацаанд нийт 2.5 тэрбум ам.доллар буюу 70%-тай тэнцэх хэмжээний зээл олгосон бол, 2017-2022 онд 1.0 тэрбум ам.доллар буюу 30%-тай тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгосон байна.2011-2016 оныг дуусталх хугацаанд Хөгжлийн банк нь УИХ-аас Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах ба санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж хуульчилсан.
Төв банкны хяналт, зохицуулалтын оролцоог хангах талаар тусгаагүй, санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй нь засаглал, үйл ажиллагааны эрсдэлийг бий болгож, банкны санхүүгийн чадавхыг сулруулж, Хөгжлийн банканд өнөөдрийн үүсээд байгаа хүндрэл, эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгоод байна.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталсан УИХ-ын 15 дугаар тогтоолоор ердөө нэг удаа 2011 онд батлагдсан байдаг. Үүнээс хойш Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэл болгон Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэр гаргадаг бүтцийг Засгийн газрын 2012.12.15-ны 179 дүгээр тогтоолоор байгуулж, тэр зөвлөл нь бүх шийдвэрийг гаргадаг байж. Ингээд 2012-2016 онуудад Засгийн газар дангаараа шийдвэр гарган, өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг ийнхүү шийдвэрлэжээ.
Тодруулбал 2012-2016 онуудад Засгийн газрын нийт 120 тогтоолоор тухайн үеийн ханшаар 8.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргуулахаар даалгаснаас 2.5 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.4 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. Тус тогтоолууд нь Бүтээн байгуулалт, Аж үйлдвэрийг дэмжих хэмээсэн чихэнд сонсголонтой, сүржин нэрийн дор ихэвчлэн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа нь бэлэн болоогүй төсөл нэртэй, хувь компаниудын нэр цохон, зөвхөн энэ компанид санхүүжилтийг олго хэмээн даалгасан тогтоолууд байна. Жишээ нь Шинэ бүтээн байгуулалтыг дэмжих нэртэй Эрэл ХХК-ийн БҮК төслийг тусгайлан нэр зааж дурдаад, олгох санхүүжилтийн дүнг нь тогтоолдоо бичиж үүрэг болгосон байдаг. Шинэ яармаг орон сууцны хороололд 50 сая ам.долларын зээл олго гэж үүрэгдсэн тогтоол байна. Мөн Төмрийн үйлдвэрийг дэмжих нэрийн дор Мон-Лаа ХХК, Бэрэнгрупп ХХК-д зээл олгохыг шууд Хөгжлийн банканд үүрэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нь тусгайлан нэр бүхий компаниудад л зээл олго гэж Хөгжлийн банканд үүрэг өгөх байдлаар гарсан нь шударга, ардчилсан ёсны зарчимд нийцэхгүй, төр нь өөрөө хэн нэгэнд илт давуу байдал бий болгосон, бидний сургамж авч, хэзээ ч дахин давтаж болохгүй алдаа юм. Нэг үгээр хэлэх юм бол Хөгжлийн банкнаас олгож байсан санхүүжилтүүд нь Монгол Улсад хэрэгцээтэй эсэх, урт хугацаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх эсэхээс үл хамааран тухайн үеийн УИХ-ын гишүүд, сайд дарга нар, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх явдал байсан гэж үзэж болохоор байна. Балаг нь үүгээр дууссангүй.
Эдгээр нэр цохуулан Засгийн газрын тогтоолоор санхүүжилт авсан төслүүдээс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь эхлээгүй, улмаар зээл нь чанаргүй болж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн багцын 74 хувийг эзэлж байна. Валютаар авсан зээлийг буцаагаад валютаар төлнө, гэтэл энэ их чанаргүй зээлээс валют битгий хэл төгрөгөөр ч зээл төлөгдөхгүй чанаргүйдчихээд байна. Бид улсын валютын нөөцийг шавхан байж гадаад тал дахь үүргээ биелүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банк, Засгийн газар бүхий л арга чаргаа ашиглан ажиллаж байна.
Мөн түүнчлэн, төслийн нэгжийг санхүүжүүлэхийг үүрэг болгосон тогтоолууд олон байна. Хүү тооцогддог, валютаар буцаан төлөх үүрэгтэй зээлийн хөрөнгүүдийг ажилтнуудын цалин, машин тэрэг, хэрэгтэй хэрэггүй зөвлөх үйлчилгээ гэх мэт зүйлд зарцуулаад, үр дүнд нь бэлэн болж хөдөлсөн төсөл ч үгүй, эргэн төлөлт ч үгүй, хариуцах эзэн ч үгүй, Хөгжлийн банканд чанаргүй зээл хэвээр байсаар. Жишээ нь Эгийн голын усан цахилгаан байгуулах төслийн нэгжийн зардал, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах төслийн нэгжийн зардлыг Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн. Мөнгө нь олгогдсон ч төсөл нь хэрэгжээгүй, нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн байхгүй, зөвхөн өр л үлдсэн байна. Эдгээр дурдсан асуудлууд зөвхөн төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шууд хэлбэрээр олгосон зээлүүд боловч одоо хүртэл ямар эх үүсвэрээр төлөгдөх нь огт тодорхойгүй байна.
Харин Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр буюу улсын төсөв өөрөө хийх ёстой байсан төслүүдэд нийт 1.5 тэрбум ам.доллар, тухайн үеийн ханшаар 2.5 их наяд төгрөгийн зээлийг Засгийн тогтоолоор Хөгжлийн банк санхүүжүүлсэн байдаг. Эдгээр төслүүдийг авто зам, төмөр зам, инженерийн дэд бүтэц, Гудамж төслийн нэрийн дор олгосон санхүүжилтүүд дийлэнх хэсгийг нь эзэлдэг. Гэвч тус ажлуудын тендерийн сонгон шалгаруулалт болон олгосон санхүүжилтийн зарцуулалтын хяналтыг хариуцсан яамдууд нь өөрсдөө хэрэгжүүлдэг байсан. Хөгжлийн банк өг гэснийг нь л өгдөг үүрэгтэй байж. Зарим ажлуудын нийт өртөг батлагдсан анхны төсөвт өртгөөсөө огцом нэмэгдэж, нэмэгдсэн дүнгээр нэхэмжлэл бичин Хөгжлийн банканд ирүүлдэг байж. Ямар үндэслэлээр, яагаад санхүүжилтийн дүнгээ өсгөж байгааг тухайн үеийн яамдууд дотроо шийддэг байсан ба зарцуулалтад хийх хяналт, шалгалт маш сул байжээ.
Энд маш ноцтой нэг зүйл бий, Тендерийн тухай хуульд Хөгжлийн банктай холбогдсон үйл ажиллагаанд тендерийн тухай хууль үйлчлэхгүй гэсэн заалт оруулж байгаад энэ бүх зарцуулалтууд ямар ч тендергүйгээр явагдсан байдаг.
2016 оны эцэст Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 6 их наяд төгрөгт хүрч өссөн ба үүний 50-аас дээш хувийг буюу тухайн үеийн ханшаар 3.1 их наяд төгрөгийн багц улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогдсон байсан нь тус банкийг байгуулсан үндсэн зорилгоос нь хазайлгаж төсвийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болгон хувиргажээ.
Улмаар УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 53 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухай бүр Засгийн газрын тогтоолын хүрээнд, зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс эргэн төлөх гэрээний үүрэг хүлээсэн 348 төсөл арга, хэмжээний 3.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцыг Улсын төсөвт шилжүүлэх арга хэмжээг авчээ.
Үүний дараа 2017 оны 4 дүгээр сараас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 2 дугаар сард баталсан бөгөөд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгаар банкны зээл олгох үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас шууд оролцдогийг зогсоосон.
Тодруулбал, Хөгжлийн банк мэргэжлийн байгууллагын хувьд УИХ, Засгийн газраас хамааралгүйгээр бие даан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг тус банкны эрх бүхий албан тушаалтан хүлээдэг механизмыг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, хуульд заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлэх шийдвэрийг бие даан гаргахаар хуульчилж өгсөн.
Хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд Монголбанкнаас санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, актив ангилах, эрсдэлийн сан байгуулах тухай журмыг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталж, Монголбанк тус банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах болсон.
Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл дахиж улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банк санхүүжүүлээгүй ба Монголбанкнаас жил бүр хяналт шалгалт хийж, Засгийн газраас хоёр жилд 1 удаа хяналт шалгалт хийж байна.
Олон улсын санхүүгийн зах зээлээс төр, ард иргэдийнхээ нэрийн өмнөөс их хэмжээний мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, авсан зээлээ гадаад валютаар, ашигласан цаг хором мөч бүрдээ хүү тооцуулан, тогтоосон хугацаанд буцаан төлөх гэрээний хатуу үүрэг хүлээдэг мэргэжлийн байгууллагын хувьд санхүүгийн сахилга бат, хариуцлага онцгой өндөр түвшинд байх учиртай.
Гэвч Монголбанкны 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн актыг 2021 оны 12 дугаар сарын 21-нд албажуулсан. Нийт чанаргүй болсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолтойгоор олгосон зээлүүд эзэлж байна.
Ингэснээр хамгийн багадаа 10% болон түүнээс дээш хувь байх ёстой санхүүгийн байгууллагын амин үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0 утгаруу ойртож 1.3%-д хүрсэн нь дампуурлын эрмэгт хүрснийг илтгэнэ.
Хөгжлийн банк 2023 оны 10 болон 12 дугаар саруудад олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2018 онд дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан 500.0 сая ам. долларын евро бонд, Япон улсын зах зээлд 2013 онд хаалттай арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондын эх үүсвэр буюу өнөөдрийн ханшаар ирэх онд нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэх хуваарьтай.
Хөгжлийн банк нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд “чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтийг 10%-аас бага”, “өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтийг 10%-аас их” хэмжээнд тус тус ханган ажиллах үүргийн хүлээдэг. Гэтэл чанаргүй зээлийн харьцаа 55.3 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувьд хүрчихсэн байна гэдэг банк сэхээнд орсонтой агаар нэг.
Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Хөгжлийн банкны олон улсын банк санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил үүсэж, эх үүсвэрүүд хуваарьт төлөлтийн хугацаанаасаа өмнө буцаан дуудагдах эрсдэл үүснэ.
Ингэснээр Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай эх үүсвэрт үүргийн зөрчил илэрч, хугацаанаас өмнө буцаан дуудагдах нь Засгийн газрын бусад гадаад эх үүсвэрүүд ч мөн хугацаанаас өмнө төлөгдөхөөр буцаан дуудагдаж, Засгийн гадаад өрд шууд дарамт учруулах бодит эрсдэлтэй үе байлаа.
Иймээс зөв гарц гаргалгааг цаг алдалгүй гаргаж, шийдвэрлэх ажил руу ханцуй шамлан орох хэрэгцээ үүссэн. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны 10 гаруй жил хуримтлагдсан хур их өртэй тэмцэж байна.
Шинэ сэргэлтийн бодлогоор тодорхойлогдсон хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх Хөгжлийн банк сүүлийн нэг жил цэвэр өр барагдуулах алба болон хувираад байна.
Шалгаад, шүүгээд, алдаа оноог нь ялгаад эхлэхээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, хувь хувьсгалын олон дарамт, шахалт тулгарч байна. Тэглээ гээд ухарч, хулчийхгүй, Хөгжлийн банкны асуудлыг заавал эцэслэн шийдвэрлэж, буруу зөвийг шүүн тогтоох ёстой.
Гадаад талдаа энэ бүгд бид бүгдийн л өр тиймээс ч бид үүргээ биелүүлнэ, харин дотоод талдаа энэ их өрийг төлүүлэхийн эсрэг тэмцэх болно.
Хөгжлийн банк яагаад ийм хүнд байдал хүрэв,
Энд яг юу болж өнгөрсөн бэ,
Үүнээс нэг зүйл маш тодорхой харагдана. Хүрэх цэгээ тодорхойлолгүйгээр, тооцоолол судалгаагүйгээр, юунд зарцуулахаа тодорхой болголгүйгээр их хэмжээний өр төлбөр аваад эдийн засгийн үр өгөөжгүй, дутуу дулимаг боловсруулсан төсөл нэртэй цаасыг гарын салаагаар урсах элс мэт санхүүжүүлсний үр дүн өнөөдрийн Хөгжлийн банкны нөхцөл байдал юм. Үүний горийг улсаараа бид үүрч байна.
Хаанаас яаж олсон хөрөнгийг ийнхүү зарцуулсныг мөн дурдах хэрэгтэй,
- Хөгжлийн банк 2012 онд Засгийн газрын баталгаатайгаар нээлттэй хэлбэрээр олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай 580.0 сая ам.долларын Дунд хугацааны евро бондыг гаргасан. Энэ хөрөнгийг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.
- Засгийн газрын 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын эх үүсвэрийг “Санхүүгийн зуучлалын гэрээ” байгуулж, тус гэрээний хүрээнд 269.9 сая ам.доллар болон 2 их наяд төгрөгийг 2013-2014 онд үе шаттайгаар тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн яам болон Сангийн яамнаас шилжүүлж авч зарцуулсан. Ингэхдээ уг хөрөнгийг мөн л Засгийн газрын үүрэг болгосноор тогтоолын дагуу төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.
- 2013 онд Японы зах зээлд 10 жилийн хугацаатай Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иенийн Самурай бонд гаргасан. Үүнийг мөн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.
- 2015 онд хаалттай хэлбэрээр 6 жилийн хугацаатайгаар дотоодын арилжааны банкуудад 233.4 тэрбум төгрөгийн АСЕМ бонд гаргасан ба Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Асем Вилла цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэх болон уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд зарцуулагдсан байна.
- Үүнээс гадна 2014-2020 оны хооронд нийт 683.8 сая ам.доллартой тэнцэх хэмжээний эх үүсвэрийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 2 талт болон олон талт гэрээний хүрээнд татан төвлөрүүлж зарцуулсан.
Үүний дараа 2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд 5 жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.доллар евро бонд гаргасан ба тус бондоор ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж дахин санхүүжилт хийсэн бөгөөд үүний үр дүнд:
1) Засгийн газрын баталгаатай өр төлбөрийн дүнг бууруулж,
2) өр төлбөрийн жигнэсэн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан,
3) хүүгийн зардлыг бууруулж, хөвөгч хүүг тогтмол болгож чадсан.
2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны үлдэгдэл нийт 2.6 их наяд төгрөг байна. Үүнд 2018 онд гаргасан евро бондын 500.0 сая ам. доллар, 2013 онд гаргасан 30.0 тэрбум иенийн Самурай бондууд байна.
Нэг ёсондоо 2012-2016 онд аль хэдийн зарцуулагдаад дуусчихсан зээлийн хөрөнгийг эргэн төлөхөөр ажиллаж байна. 2017 оноос хойш олон улсын зах зээлд гарсан Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондууд чухамдаа анх 2012 онд Засгийн газрын гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондуудын өрийг төлөхөд л зориулагдсаар ирсэн.
Өрийг өрөөр, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр өдийг хүрлээ. Одоо бид анхны их өрийн хөрөнгийг яаж зарцуулав, бодлого төлөвлөлтгүй хэрхэн үр ашиггүй зарцуулж үрэн таран хийснээр 10 гаруй жилийн өрийн дахин санхүүжилтийн их урсгалыг бий болгов гэдгийг шүүн хэлэлцэх цаг нь болжээ.
Ном журмын дагуу бол гадаадаас 10 их наядыг зээлж авч ирсэн бол түүгээр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрөөс бий болсон үр дүн нь 20-30 их наядын өгөөжийг улсын эдийн засагт оруулж, суурь дэд бүтэц, хүнд үйлдвэрүүдийн суурь дээр солонгорсон эдийн засаг бий болгон хөгжиж, хувийн хэвшлийнхэн чадавхжиж байж сая зорилгодоо хүрч чадах юм.
Гэтэл бодит нөхцөл байдал дээр татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зарцуулалт үр дүнгүй, өгөөжгүй, бүр цаашлаад чанаргүй болж, энэ нь эргээд эдийн засгийг хүндрэлтэй нөхцөлд хүргэж байгаа нь бодлого, шийдвэр гаргалт, менежментийн том алдаа байгааг илэрхий харуулж байна.
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны асуудлыг анхаарлын төвөөс гаргалгүй, тус банкны үйл ажиллагаатай Засгийн хуралдаанаар тогтмол мэдээлэл авч, үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.
Энэ оны 1 сараас эхлэн Чанаргүй зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг эрс эрчимжүүлж, асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгосон.
Холбогдох байгууллагуудыг энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, хуулийн хүрээнд түргэн шуурхай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр уриалж, дэмжлэг хүсэж ажилласны үр дүнд хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэж байна. Үүний үр дүнд зээлийн ард байсан хээл хахууль, авлига албан тушаалын хэргүүд ч илэрч, хэргүүд эрчимтэй шийдэгдэж байна.
Чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааны хүрээнд Иргэний хэргийн шүүхэд 2019-2022 оны хооронд 689.8 тэрбум төгрөгийн 18 зээл, 2022 оны 1 дүгээр сараас хойш 691.6 тэрбум төгрөгийн 15 зээлдэгчийн нэхэмжлэлийг шүүхэд шинээр гаргасан. 2022 онд 367.5 тэрбум төгрөгийн 7 зээлийн шийдвэр эцэслэгдэн гарч, өнөөдрийн байдлаар 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна.
Мөн шүүхийн шийдвэр гарсан 15 зээлээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй 10 зээл, шүүхийн бус журмаар төлбөр төлүүлэхээр ажиллаж буй 8 зээл, нийт 41 зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна.
Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газраас эхний байдлаар 19 зээлийн хувийн хэрэгт холбогдох хянан шалгах ажиллагааг багцалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах шатандаа орсон байна.
Хөгжлийн банкнаас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол батлагдаж төрийн өмчит 9 хуулийн этгээдэд холбогдох 565.5 тэрбум төгрөгийн активын эргэн төлөлтийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд даалгасан.
Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ХК-ийн 14.9 тэрбум төгрөгийг төлснөөр зээл бүрэн төлөгдөж хаагдсан. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 117.2 тэрбум төгрөг, НОСК, ТОСК-ийн зээлийн төлбөрөөс 10.1 тэрбум төгрөг төлөгдөөд байна.
“Кью Эс Си” ХХК-ийн зээл 192 тэрбум төгрөгийн зээл энэ оны 2022 оны 06-р сард бэлэн мөнгөөр төлөгсөн байна. Энэхүү зээл нь мөн олон жил төлөгдөхгүй байсан чанаргүй зээл юм.
Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд:
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна. 365.1 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3%-аас 16%-д хүрч зохистой хэмжээнд хүрлээ.
Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлээд байна.
Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, эгзэгтэй, Ковидын дараах эдийн засаг сэхээ авч амжаагүй байтал улс орнуудын сөргөлдөөн бий болж дэлхийн эдийн засаг тэр аяараа хүндрэлтэй байгаа ч бодитоор тулан ирсэн Хөгжлийн банкны эрсдэлийг бид сөрөн зогсож, галыг цурамд оруулаад байгаач Хөгжлийн банк яагаад ийм байдалд хүрэв гэдгийг заавал шүүн тунгааж, тос усыг ялган, алдаа оноог дэнсэлснээр цаашдын ирээдүй рүү алхах учиртай.
Бондын эргэн төлөлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд 500.0 сая ам.долларын евро бондоос Хөгжлийн банканд оны эцэс хүртэл төлөгдөх зээлийн эргэн төлөлтөөр хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байна. Бондуудыг хугацаанаас өмнө эргэн төлөх саналыг хөрөнгө оруулагчдад тавьснаар биднийг хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа, мөн бондын төлбөрөө төлөх чадвартай найдвартай түнш гэдгийг илэрхийлсэн.
Хөгжлийн банкны активын чанар, зээлжих зэрэглэл тогтоох аргачлалуудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2022 оны 1, 2 дугаар улирлуудад Standard and Poors, Moody’s, Fitch агентлагуудаас ээлжит бус үнэлгээг хийсэн ба удаа дараагийн хэлэлцүүлгийн үр дүнд тус агентлагуудын зүгээс банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ болон төлөвийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн ба Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд хадгалагдаж байна.
Хөгжлийн банкны ОХУ-ын Внешэконом банктай байгуулсан гэрээний үүрэг 2019 оноос эхлэн зөрчигдсөн ба гэрээний үүргээс чөлөөлөгдөх хэлэлцээрийг тус банктай хийж, гэрээний зөрчил үүссэнээр бусад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө буцаан дуудагдах эрсдэлийг хаасан.
Олон Улсын хөрөнгө оруулагчид, түншүүд, олон улсын зэрэглэл тогтоогч үнэлгээний агентлагууд Монгол Улсыг Хөгжлийн банкны асуудалд Монголын төр ямар шийдэл гаргахыг анхааралтай ажиглаж байна. Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкийг бүрэн дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлэн ажиллаж байна.
Бид оны эцэст нийт эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж, оны эхэнд 1.3% байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг 20%-д хүргэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдэлээс бүрэн гарч, хэвийн үйл ажиллагаатай болж, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай болж, цаашид Хөгжлийн банкны Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.