Монголбанкны Ерөнхийлөгч дээд түвшний бага хуралд оролцов

Хонгконгийн мөнгөний удирдах газар (HKMA) болон Олон улсын төлбөр тооцооны банкнаас (BIS) хамтран зохион байгуулсан Дээд түвшний бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Хонгконгт амжилттай болж өндөрлөлөө. Энэ хурал нь Хонгконгийн мөнгөний удирдах газрын 30 жилийн ой, Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Олон улсын төлбөр тооцооны банкны төлөөлөгчийн газрын 25 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээнд Төв банкны одоогийн болон өмнөх 20 гаруй ерөнхийлөгч, дэлхийн, бүс нутгийн болон орон нутгийн санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх захирлууд, Хонгконг болон Азийн бусад орны тэргүүлэх мэргэжилтнүүд зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцов.

Хурлын илтгэгчид удаан хугацаанд үргэлжилж буй инфляцын дарамт болон өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдаж мэдэх хүүгийн орчин, санхүүгийн инновацын дундах мөнгөний системийн ирээдүй, өнгөрсөн санхүүгийн хямралуудаас авах сургамж,  эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг бүрдүүлж буй бүтцийн өөрчлөлтүүд зэрэг Төв банкнууд болон бодлого боловсруулагчдад тулгараад байгаа гол сорилтуудын талаар ярилцав. Мөн санхүүгийн байгууллагуудын удирдагчид Азийн санхүүгийн ирээдүйн талаарх өөрсдийн үзэл бодлоо ч хуваалцлаа.

Зургийн тайлбар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн HKМА-ийн Ерөнхийлөгч Эддие Юүэгийн хамт

Бага хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Олон улсын төлбөр тооцооны банкны тэргүүн ноён Агустин Карстенс болон Хонгконг, Австрали, Щвед, Английн Төв банкны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нартай уулзсаны дээр ирэх жил тохиох Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж оролцохыг албан ёсоор урив.  Түүнчлэн бусад орны Төв банкнууд, Олон улсад үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн төлөв байдал, бодлого үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилт, туршлагаа харилцан солилцов. Энэ уулзалтын бас нэг чухал чиглэл нь гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын зах зээлдээ оруулах чиглэлд Монгол Улс нэн таатай бөгөөд нээлттэй бодлого баримталж байгааг таниулж, тэдэнд хамтын ажиллагааны санал тавих явдал байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *